Сүхбаатарын талбай дээр өчигдөр “nodoublestandart” хөдөлгөөнийхөн эсэргүүцлээ илэрхийлэн үзэл бодлоо тайван замаар илэрхийллээ. Тэд Үндсэн хуульд заасан эрх чөлөөний төлөө тэмцэж байсан тус хөдөлгөөний гишүүн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг баривчлан хорьсныг эсэргүүцэн суллахыг шаардлаа.
Энэ талаар Nodoublestandt хөдөлгөөнд оролцож байгаа Б.Билгүүн “Би Э.Одбаяр, Д.Монголхүү хоёртой хамт сошиал орчинд болон талбай дээр үзэл бодлыг нь сонсож, дэмждэг байсан. Э.Одбаярт Дорнод аймагт хүн дайрсан бичлэг олон нийтэд цацсан гэсэн шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Дараа нь Монгол ардын намын хууль зүйн хэлтсээс намын нэр бүхий гишүүдийн нэр хүндэд халдсан гэсэн хэргээр мөн л эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Д.Монголхүү усан оргилуурын цаана хүүхдийн хуучин гутал аваачиж их хүүхэд нас барсан шүү гэсэн санааг илэрхийлэхээр талбай дээр очин үзэл бодлоо илэрхийлсэн боловч гутлыг нь хурааж авсан. Д.Монголхүү гутлаа хураалгахгүй гэж дайрахад зургаан цагдаа түүнийг дарж баривчилсан. Тухайн цагдаа нар Д.Монголхүүг баривчилж байхдаа хүнд гэмтсэн гэдэг шалтгаанаар шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй, прокурор шүүхээс зөвшөөрөөгүй байхад түүнийг шөнийн 01:00 цагт гэрээс нь баривчилж явсан. Түүнийг эсэргүүцэж Э.Одбаяр болон клабхаус болон твиттерт байсан залуучууд нэгдсэн. Д.Монголхүү нь баривчлуулж байхдаа тухайн процессыг ярьсан. “Намайг баривчлаад явж байна. Мөрдөгч намайг байцааж байна. Яагаад баривчилсан гэдгээ тайлбарлахгүй байна” гэх зэргийг хэлсэн.
Г.Ган-Очир гэдэг залуу сонгуулийн үед сонгууль луйвартай байна. Сонгуулийн хар машин асуудалтай байна гэдгийг ярьж байсан залуу. Энэ дөрөв баривчлагдсан. Одоогийн байдлаар н.Чинбат, Г.Ган-Очир хоёр нь гараад ирсэн. Д.Монголхүү, Э.Одбаяр хоёр арван хоног 461 дүгээр хорих ангид өлсгөлөн зарлаж байна.
Энд иргэд ирж үзэл бодлоо илэрхийлж байна. Э.Одбаяр, Д.Монголхүү хоёрыг сулла. Энэ хоёрыг баривчилсан нь ерөөсөө хуульд нийцэхгүй байна. Энэхүү зурагт хуудсанд харагдаж байгаа Б.Энхбат гэдэг хүн олон нийтийн сошиалд иргэдийг "Та нар бол ардчилал, эрх чөлөөг хэтрүүлсэн, нийгэмд аюул заналхийлж байгаа нохойнууд. Та нарыг эрүүгийн бид яаж ч чадна шүү. Яасан ч байхад цагдаа нар бидний талд шүү” гэсэн утгатай үг хэлсэн. Логикоор харж байхад Үндсэн хуульдаа заасан эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа иргэд шоронд суугаад, өмнө нь ял эдэлж байсан эрүүгийн элементүүд олон нийтийн сүлжээгээр илт эрүүдэн, айлгаж, дарамталж, амь насанд заналхийлж байна” гэлээ.