Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компани болох Мон-Атом ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал өнгөрсөн долоо хоногт Украйнаас Унгар руу зорчихдоо 2020 онд хүчингүй болсон цэнхэр паспортоороо хил нэвтрэхийг завджээ. Улмаар Унгар улс түүнийг хил дээрээс буцаасан байна. Бусад эх сурвалжаас авсан мэдээллээр Д.Далайжаргал нь Монголын хилээр улаан паспортоороо гарсан ч өөр улсын хилийг хүчингүй болсон цэнхэр паспортоороо давахыг завджээ.
Эл үйлдэл нь санаатай байсан эсэх, хариуцлага хүлээлгэх талаар ГХЯ-аас тодруулахад "Санаатай хүчингүй паспортоор хил давсан эсэх нь одоогоор тодорхой бус байна, яг энэ тохиолдолд хүлээлгэх хариуцлага байхгүй" гэсэн хариулт өгөв. Хэдийгээр Д.Далайжаргал хууль бус үйлдэл хийгээд баригдаагүй ч хоёр улсын хилийг хоёр өөр паспортоор давахыг оролдсон нь сэжиг дагуулж байна. Учир нь Д.Далайжаргал нь цэнхэр паспортныхоо хүчинтэй эсэхийг ч мэдэхгүй хэмжээний хүн биш бөгөөд тэрээр Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газарт атташе, Сайдын зөвлөлийн нарийн бичгийн дарга, БНФУ дахь Монголын Элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга зэрэг ажил эрхэлж байсан туршлагатай. Д.Далайжаргал 2011 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байсан ба тэр үед энэхүү цэнхэр паспортыг ГХЯ-аас авчээ.