Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал, эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэж байгаа барилгын компаниудын нэгдлээс тулгамдаж буй асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ.
200 гаруй барилгын компаниудын төлөөлөл хамтран Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдэд хугацаатай шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Барилгын компаниуд дараах шаардлагыг хүргүүллээ. Үүнд:
- Үнийн бодит өсөлтийн индексийг тооцож, төсвийн зөрүүг 2022 оны Монгол Улсын Төсвийн тухай хуульд тусгах, Төрийн болон, ТББ, ААН-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг яаралтай байгуулах,
- 2020 оны Монгол Улсын Төсвийн тухай хуулийн төсөлд шинээр баригдахаар тусгагдсан барилга байгууламжийн төсөл арга хэмжээг дараа онуудын улсын төсөвт үе шаттайгаар тусгахаар хойшлуулах, 2021 оноос өмнөх барилгын ажлуудад үнийн өсөлтийн зөрүүг тооцож 2022 оны төсөвт суулгах
- Өмнөх онуудын төсөвт тусгагдсан улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажлуудын санхүүжилтийг 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө хариуцлагын гэрээ, хэлцлийн үндсэн дээр барилгын гүйцэтгэгчид олгох асуудлыг яаралтай шийдвэрлэх,
- Одоо үргэлжилж байгаа гэрээт ажлуудын гүйцэтгэлийн болон чанарын баталгааг цуцалж гүйцэтгэгч компаниудад олгох
- Цар тахлын нөхцөлийн үед НӨАТ, НДШ-ийн өр төлбөрийг нэг удаа чөлөөлж дэмжлэг үзүүлэх
Тэд уг шаардлагын хариуг 2021 оны аравдугаар сарын 13-ны өдрийн дотор ирүүлэхгүй бол дараагийн шатны арга хэмжээг авна гэдгийг мэдэгдлээ.
Хэвлэлийн хурлын үеэр компаниудын төлөөлөл “Барилгын компаниуд 300 сая төгрөгөөс нэг тэрбум гаруй төгрөгийн алдагдалд ороод байна. Бодит байдлыг холбогдох хүмүүст танилцуулж, нөхцөл байдлаа шийдүүлэх хэрэгтэй байгаа юм.
Цар тахлын улмаас нөхцөл байдал өөрчлөгдөж, барилгын материалын үнэ ийм түвшинд өсөхийг бид хэрхэн таамаглах билээ. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн барилгын салбартаа төр засгаас анхаарна байх гэж найдаж байна” гэлээ.