Босоо хөх Монгол ТББ-ын төлөөлөл өнөөдөр Төрийн ордны гадна Хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан хуулийн төслийг эсэргүүцэж, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярт шаардлага хүргүүллээ.
Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн Д.Чойпүрэв
"Босоо хөх монгол ТББ-аас ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярт шаардлага хүргүүлж байна. Энэхүү шаардлагад Х.Ганхуяг, Д.Өнөрбаяр, П.Анужин, Х.Булгантуяа гэсэн нэр бүхий дөрвөн гишүүн Үндэсний аюулгйү байдалд нөлөөлөхүйц хуулийн төслийг өргөн барьсан байна. Тухайн хуульд нэмэлт өөрчлөлтийн 12.1.5-д Монгол Улсад хөрөнгө оруулсан гадаадын оруулагч, түүний гэр бүлд зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу олгох, 12.1.6 Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн эрхээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох гэсэн зүйл заалт бүхий нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан байна.
Тухайн гишүүд уг хуулийн төслийг ямар зорилгоор өргөн барьсан, судалгаа хийсэн багт ямар хүмүүс оролцсон, хувийн болон бусад гаднын этгээдийн ашиг сонирхол эсэх, мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5 дээр гадаадын хөрөнгө оруулалттай ААН гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцаа 45 болон түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн хөрөнгө оруулсан хэмжээ 100 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх ААН-ийг заасан. 100 мянган ам.долларын босгыг ямар учраас 50 хувь бууруулан 50 мянган ам.доллар болгосон зэрэг ноцтой асуудлууд урган гарч байгаа юм.
Иймд ҮАБЗ-ийн гишүүдэд үнэн зөв, бодитой мэдээлэл хүргүүлэх, тухайн хуулийн төслийн эргүүлэн татуулах, дээрх холбогдох хууль тогтоомж, мөн зөвлөлийн үндсэн чиг үүрэгтэй хамаарах асуудлаар судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж, нарийн бичгийн даргатай байна гэсэн өөрийн бүрэн эрхийн дагуу шийдвэрлүүлж нэн яаралтай хариу ирүүлнэ үү” гэв.