Улсын Их Хурлын 2020 оны 40 болон 2021 оны 61 дүгээр тогтоолоор УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарласны дагуу өнөөдөр нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ.
Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгөх юм.
УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт 89, 28 дугаар тойрогт 59 хэсгийн хороо, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн нийт 152 байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага байгуулагдсан.
Сонгуулийн үеэр Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллын дэглэм баримтлахад анхаарч нийт төрийн 1930 гаруй албан хаагч ажиллаж байна.
Нөхөн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 09:00-20:00 цагийн хооронд зохион байгуулав. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 2861 сонгогч хүсэлт ирүүлснээс 84.73 хувь нь буюу 2424 сонгогч саналаа өгчээ.
Нөхөн сонгуулийн санал хураалтын дүн, сонгуулийн ирцийн мэдээг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр олон нийтэд шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэл хангажээ. Энэ удаагийн сонгуулийн саналын хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого явуулна. Нөхөн сонгуулийг ажиглахаар нам, эвсэл, нэр дэвшигч, иргэний нийгмийн төлөөлөл 1271 ажиглагч бүртгүүлэн үнэмлэхээ аваад буй юм.
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн сонгогч Таныг халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.