“Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн Н.Алтанбаатар хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хуулийн дагуу чиг үүргээ гүйцэтгэн ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч, цагдаагийн байгууллагын нэр хүндийг унаган нийгэмд буруу, ташаа ойлголт өгөх мэдээлэл гаарч байна. Сүүлийн хоёр жил цар тахлын энэ үед өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд ажиллаж, үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид руу жагсаал, цуглаан гэх нэрийдлээр иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нар иргэдэд учирсан өвчин зовлон дээр дөрөөлж бусдын сэтгэл зүйг цагдаагийн байгууллагын эсрэг турхирсан үйлдлүүд гараад байгаа та бүхэн сошиалд яваа олон мэдээллээс харсан байх. Энэ бүхэнд цагдаагийн албан хаагч хүлцэнгүй хандаж дуугүй байдаг.
Цагдаа нар ажлаа орхиод, гудамжинд жагсаал цуглаан хийх боломжгүй байдаг. Мөн цар тахалтай байна. Бид хуулийн дагуу өргөдөл гомдлоо гаргасан. Хэцүү нөхцөлд ажилладаг цагдаа нартай иргэд та бүхэн зөв, соёлтой харилцаж байгаарай. Танхай этгээдүүд цагдаа нар руу дайрах нь хэрээс хэтэрлээ.
Цагдаагийн тухай хуульд дээд албан тушаалтнаас хуульд заагаагүй үүрэг даалгавар өгвөл тухайн цагдаа биелүүлэхгүй байх үүрэгтэй. Иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Үүнд цагдаа нар саад болоогүй. Хэрвээ жагсаал цуглаан зохион байгуулахаа урьдчилж мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй бол цагдаа нар тараах шаардлага тавьдаг. Цагдаа хуульд заасан үндэслэлээр л шаардлага тавьдаг. Би иргэн Д.Монголхүүг чөлөөлсөн шүүхийн шийдвэрийг эсэргүүцээгүй, энэ талаар яриагүй. Би шүүхийн шийдвэрт гомдоогүй. Бид нэг талыг бариагүй, цагдаа алдаа гаргасан бол шүүмжилнэ. Манай холбооны үндсэн зорилго нь иргэдийн эрх ашгийг хамгаалах, цагдаа нар хэн нэгний нөлөөнд автахгүйгээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм. Бид 34 албан тушаалтныг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон цагдаагийн удирдлагуудад мэдээлж, шалгуулсан байдаг.
Уулын мод урттай, богинотой гэдэг шиг олон дотор зүй бус авир гаргасан цагдаа бий. Тэдэнд цагдаагийн байгууллага хариуцлага тооцдог. Иргэн Д.Монголхүүтэй харилцсан цагдаа нар алдаа гаргасан бол түүнийг шалгана. Энэ хэргийг шалгаж байхад би дүгнэлт хийхгүй. Би тэр үед хажууд нь байгаагүй тул сайн мэдэхгүй байна. Цагдаагийн биед халдаж болохгүй. Харин та буруу шаардлага тавьж байна гэдгээ илэрхийлэх нь иргэдийн зүй ёсны эрх юм.
Миний та бүхэнд үзүүлсэн бичлэг аль нэг талыг бариагүй. Болсон явдлыг л үзүүлсэн" гэв.