Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Ерөнхий сайдын 2021 оны 120 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир тэргүүтэй төлөөлөгчид Берлин хотноо “Транспэрэнси интернэйшнл” байгууллагын гүйцэтгэх захирал Даниел Эрикссон, Азийн бүс нутаг хариуцсан зөвлөх Илхам Мохаммед, судалгааны ажилтан Роберто Кукучка нартай өнөөдөр уулзлаа.
Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа байгууллагын болон Монгол Улсын Засгийн газрын зүгээс авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй, бодлого үйл ажиллагааны талаар танилцуулав.
“Транспэрэнси интернэйшнл” байгууллагын гүйцэтгэх захирал Даниел Эрикссон Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, Засгийн газрын зүгээс “Транспэрэнси интернэйшнл” байгууллагын Авлигын төсөөллийн индексийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудыг өндрөөр үнэлж, авлигатай тэмцэхэд дан ганц Авлигатай тэмцэх газар бус төрийн бүх байгууллагын тууштай хүчин чармайлт чухал үүрэгтэйг онцлов.
Талууд цаашид авлигатай тэмцэх чиглэлээр мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар тохиролцлоо.
Эх сурвалж: АТГ