Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан залуу тамирчин, спортын мастер Дагвадоржийн Отгонжаргал дэлхийн медальтан боллоо.
Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-д финалдаж мөнгөн медаль хүртэж байсан Румыний туршлагатай бөх Алина Вучийг 10:0 оноогоор цэвэр ялав.
Ингэснээр Д.Отгонжаргал Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн анхны бөх болж байна. Тэрбээр 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт тамирчин юм.
Сонирхуулахад, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар ДАШТ-ий 11 дэх медальтанаа төрүүллээ.
Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо