
Хүйтний эрч чангарч, сүүлийн хоногуудад иргэд шахмал түлшинд ажлаа тасдан барин дугаарласаар байгаа юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шахмал түлш, шатахуунтай холбоотой асуудал хэлэлцсэн байна. Тиймээс салбарын сайд Н.Тавинбэхээс бид “Өвөл болохоор даардгийг та мэдэх үү?, шахмал түлшинд иргэд дугаарлатал нь та бүхэн зохион байгуулалтын ямар алдаа гаргасан юм бэ?, Хэн хариуцлага хүлээх юм бэ зэрэг асуултад тайлбар авлаа.
Өвөл болохоор хүн даардгийг та Н.Тавинбэх сайдаа мэдэх үү?
Энэ нөхцөл байдалд хүрэх хүртэл та нар яг юу бэлдсэн юм бэ? Иргэд даарч байгаа учраас түлшээ дугаарлаж аваад байгаа шүү дээ. Яг юу бэлдсэн юм бэ?
Гэр хорооллын хувьд сайжруулсан шахмал түлш хангамж тасалдаагүй гэдгийг би албан ёсоор хэлье. Өнөөдрийн байдлаар миний түрүүний хэлдэг 71 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн зургаан дүүргийн 57 агуулахад бид нар хадгалчихсан байгаа. Дээр нь манай хоёр үйлдвэрлэл хэвийн явагдаж байна. Үйлдвэрлэлээс хэрэглээ давбал нөөцөөс хангадаг.
Алдаа гаргасан нь хэний буруу вэ?
Ер нь цэгийн борлуулалтыг “Таван толгой түлш” хариуцаж байгаа. Тэгэхээр одоо бид яам, “Таван толгой түлш” төрийн өмчит үйлдвэрийн газар л хариуцна.
“Таван толгой түлш” компани алдаа гаргасандаа хариуцлага хүлээх үү?
Дараалал үүссэн бид нар шуурхай шийдсэн. Энэ ковидтой холбоотойгоор шинэ хүндрэлтэй нөхцөл байдал өдөр болгон үүсэж байна. Мэдээж одоо бид нар бүх юмыг тооцох ёстой. Гэхдээ энэ дээр яах аргагүй алдаа гарсан. Иргэдээ чирэгдүүлсэн. Одоо дахиж ийм алдаа оноо гаргахгүй байхаар хичээж ажиллана.