Америкийн Нэгдсэн Улсаас хандивласан 899,730 тун Файзер вакциныг өчигдөр хүлээн авав. Эдгээр тунг КОВАКС хөтөлбөрөөр дамжин Мичиган мужийн Каламазу хот дахь Файзерийн үйлдвэрээс шууд нийлүүлжээ. Уг хандив нь энэ оны есдүгээр сард хандивласан 188,370 тун Файзер вакцины үргэлжлэл юм. “Монголын ард түмэн энэхүү цар тахлыг даван туулахад АНУ дэмжсэн хэвээр байх бөгөөд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан өгч буй хандив нь уг дэмжлэгийн нэг хэсэг билээ” гэж АНУ-ын ЭСЯ-наас мэдээлэв.
Коронавируст халдварын цар тахал эхэлснээс хойш АНУ-аас Монгол Улсад 8 сая орчим ам. долларын дэмжлэг үзүүллээ. Өнгөрсөн сарын эхээр КОВИД-19-н эсрэг яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр 3.7 сая ам. долларын санхүүжилт бүхий, иргэдэд нэн хэрэгцээт эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн дэм болон хувийн хамгаалах хэрэгсэл олгох тусламжийг үзүүлсэн.
Мөн 2020 оны арван хоёрдугаар сард АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА буюу USAID) өндөр чанарын 50 ширхэг амьсгалын аппарат хандивлаж, хүнд өвчтэй өвчтөнүүдийг эмчлэхэд шаардлагатай нэмэлт сургалтуудыг хийсэн байна. Түүнчлэн ОУХА нь эрсдэлийн үеийн харилцаа холбоо, эрүүл мэндийн байгууллага, сургуулийн орчинд халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, вакцин түгээх зэрэг ажлуудад тусламж үзүүлдэг.
АНУ-ын зүгээс Монголын 570 гаруй эрүүл мэндийн байгууллагыг шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж, 12,700 эрүүл мэндийн ажилтанд тандалт судалгаа хийх, АНУ-ын Засгийн газраас хандивласан эдгээр тоног төхөөрөмжийг ашиглах, удирдах, COVID-19-өөр өвчилсөн өвчтөнүүдэд чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлжээ.