Сүүлийн хоёр жил дэлхий дахинаа цар тахал дэгдсэнээс үүдэж Монгол улсын хувьд боловсролын шатны бүхий л байгууллагуудынхаа үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн. Цахимаар хичээлээ үзэж эхэлсэн сурагч, оюутнуудын хувьд хичээлийн хоцрогдолд орсон. Тэгвэл манай сайтад хандсан хэд хэдэн иргэдийн хувьд хувийн сургуулиуд мөнгө авчхаад сурагчдынхаа хичээлийн хоцрогдолд анхаарал хандуулахгүй байна.
Бид энэ асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.
-Боловсролын яамнаас хувийн сургуулиуддаа хяналт тавихгүй байна гэдэг гомдол хэлсэн. Боловсролын яам хичээлийн хоцрогдолтой байгаа хүүхдүүддээ хэрхэн анхаарч ажиллах юм бэ? Хичээлийн хоцрогдолтой байгаа хүүхдүүдээ зарим багш нарын хэлж дарамталж байгаагаар улирааж болох юм уу?
–Улсын хэмжээнд нийтдээ сурагчид хэчнээн хувь нь ямархуу байдлаар хоцрогдолтой байгаа юм бэ гэдгийг тогтоосон судалгааны ажил хийж байгаа. Өөрөөр хэлбэл өвчтөнөөр бол эхлээд оношоо тавьж байна. Оношоо тавьсны дараагаар бид цахимаар хичээл үзээд хоцрогдсон хүүхдүүдэд танхимаар хичээл орох ажлуудыг хийнэ гэв.
Ер нь хувийн ч гэхгүйгээр төрийн өмчит сургуулиуд дээр цар тахлаас үүдсэн хичээлийн хоцрогдлыг нөхөх үндэсний хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Улсын хэмжээд 640 мянган хүүхэд байгаа. Үүний 10 хувьд нь гэхээр 68 мянган хүүхдийн хүрээнд энэ үнэлгээ хийгдсэн. Хоёрдугаарт нь цахимаар үүссэн хоцрогдлыг цахимаар нөхнө гэж байхгүй юм билээ. Тийм учраас хоцрогдол танхимаар л нөхөгдөнө. Ерөнхийдөө хөдөө орон нутагт цахим хичээл үр дүнгүй явагдаж байна. Олон хүчин зүйлүүд байна. Интернетийн хурд нь байхгүй байна. Багш нарын компьютерууд шаардлага хангахгүй байна. Хүүхдүүд бүгдээрээ бүрэн компьютер, гар утасгүй байна. Тийм учраас бид цахим хичээлийнхээ чанарыг сайжруулахын тулд онцгойлон анхаарах юм байна.
Хүүхэд анги улирна гэдэг чинь өнгөрсөн зуунд байсан нөхцөл байдал шүү дээ. Тийм учраас боловсролынхоо хуулиар ч гэсэн бид хүүхдийг улирааж болохгүй учраас энэ жил өвөл, хавар, намар амралт хичээлийн шинэ жил эхлэхэд нэлээн түлхүү цагаа нэмсэн байдлаар танхимаар нөхөхөөс өөр арга байхгүй юм билээ.
-Хоцрогдолтой байгаа хүүхдүүдтэйгээ ажиллахгүй байгаа сургуулийн талаар эцэг эхчүүд хаана, яаж гомдол гаргах вэ?
-Боловсролын яаманд гаргаж болно. Аль сургууль дээр ийм нөхцөл байдал гараад байна гэдгийг манай яаманд хандана. Магадлан итгэмжлэх, боловсролын үнэлгээний төв гэж байгаа. Боловсролын хүрээлэнгээс энэ чиглэлээр хөтөлбөрүүд сургууль, сургуулиуд дээр зөвлөмжүүд хүргүүлнэ. Тэгээд энэ нь үнэхээр хэрэгжихгүй байх юм бол сургуулиудынхаа тусгай зөвшөөрөл лицензтэй нь асуудлуудаа ярина гэсэн үг.