Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Д.Монголхүүг цагдан хорих санал ирүүлснийг шүүх өчигдөр хэлэлцжээ. Тус шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан яллагдагч Д.Монголхүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүх хэрэгт авагдсан баримттай танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “…эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан…” гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Д.Монголхүүг нэн даруй суллахыг прокурорт даалгаж шийдвэрлэсэн алаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.
Өчигдөр ЦЕГ-ын дарга Ж.Болд "NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж биед нь халдсан. Энэ хэргийг шалгахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү түүнийг авч явсан. Иргэн Д.Монголхүүгийн хувьд гурван удаагийн зөрчлийн хэрэг дээр шалгагдаж байгаа. Аравдугаар сарын 5-ны өдөр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авах гээд дуудсан ч ирээгүй. Өмнө нь ч ирдэггүй байсан учраас баривчилсан. Гэтэл шөнийн 02:30 цагт иргэн Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд төрийн онцгой объект болох хорих 461 дүгээр анги руу халдан Д.Монголхүүг авч явсан" гэх мэдээллийг өгсөн юм.
"NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөний зүгээс Засгийн газарт:
- Covid-19-өөр нас барсан иргэдийн ар гэрийн өмнө хариуцлага хүлээж огцрох,
- Covid-19 халдварт төрөөс зарцуулж буй төсвийг олон нийтэд нээлттэй харуулах,
- Удаа дараагийн хязгаарлалт тогтоохгүй байх зэрэг хэд хэдэн шаардлагуудыг хүргүүлсэн юм. Тэдний зүгээс үр дүнд хүртлээ жагсана гэдгээ мэдэгдээд буй.
Харин өчигдөр шүүхээс "Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг нэг сар хорих шийдвэр гаргасан. Шүүхээс түүнийг "Батлан даалтанд байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.