Иргэн Д.Монголхүүг цагдаагийн байгууллага баривчиллаа гэх асуудал нийгмийн сүлжээ болон иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ЦЕГ-ын дарга Ж.Болд мэдээлэл өглөө.
"Есдүгээр сарын 18-наас хойш нэр бүхий иргэд өдөр бүр Сүхбаатарын талбай болоод Эрх чөлөөний талбайд жагсаал цуглаан зохион байгуулж байлаа. Есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбай дээр эд зүйл оруулах гэхэд цагдаагийн албан хаагч хууль ёсны шаардлага тавьсан. Энэ хайрцагтай эд зүйл гутал байсан гэж хэдий яриад байгаа боловч гутал дотор юу байсныг бид мэдэхгүй. Сүхбаатарын талбайд ил гал гаргах, тэсэрч, дэлбэрэх бодис гэдэг ч юм уу үүнийг оруулдаггүй журамтай. Үүний дагуу шаардлага тавихад тэр Д.Монголхүү гэгч хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд цагдаагийн алба хаагчийн биед халдаж, эсэргүүцсэн гэдэг үйл явдал болж үүнийг шалгахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн I газар руу уг этгээдийг авчирсан. Нийгмийн дэг журмыг зөрчих нь нийгмийг тогтворгүй байлгах чиглэл рүү иргэдийг уриалсан, хууль ёсны шаардлага тавьж байгаа хуулийн байгууллагын албан хаагчийг илт эсэргүүцэх, сөргөлдөх, өөрсдөө хөндлөнгөөс бичлэг хийж үүнийгээ олон нийтэд түгээж цагдаагийн алба хаагчийг буруутгах ажиллагаа удаа дараа явагдсан. Үүнд цагдаагийн байгууллага ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлээгүй хүндэтгэлтэй хандаж иргэдийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөнд халдахгүй гэдэг байдлаар ажилласан. Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн иргэн Э.Одбаяр өөрөө лайв хийж ирсэн. Төрийн байгууллагын тасралтгүй явуулах үйл ажиллагаанд саад учруулсан. Цагдаагийн алба хаагчдыг элдвээр харааж доромжилсон. Энэ нь сошиалд өөрийнх нь хийсэн бичлэгээр тавигдсан байгаа.
Аравдугаар сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг, хэрэг бүртгэлийн дугаар авч нээгээд шалгалтын ажиллагаа явуулахад Д.Монголхүү гэгч нь удаа дараа цагдаагийн байгууллага дуудахад ирээгүй. Өмнө нь гурван ч зөрчлийн хэрэг дээр шалгагдаж байгаа хүн. Тэгээд энэ байдлыг өөрт нь удаа дараа сануулсаар байтал ирээгүй учраас бид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу баривчлах ажиллагаа явуулсан.
Энэ хүмүүсийн эсэргүүцээд хийгээд төр засагт хүргэх гэж байгаа үзэл бодлоо илэрхийлсэн нь нээлттэй хэдий боловч зориудаар хууль сахиулах байгууллага, цагдаагийн алба хаагчийн биед халдах, үг хэлээр доромжлох энэ бол удаа дараагийн үйлдэл. Төрийн тусгай хамгаалалттай обектруу нэвтрэх, хүч хэрэглэх, хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх гэдэг дээр БГД-ийн цагдаагийн хэлтэс дээр гомдол мэдээлэл ирсний дагуу эрүүгийн хэрэг үүсгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэж ЦЕГ-ын дарга Ж.Болд хэллээ.