Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сайжруулсан түлш, шатахуунтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр засгийн газрын ээлжит хуралдаанаар сайжруулсан түлштэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Таван толгой түлш компанийн түлшний нийлүүлэлт, НД-ын асуудал гээд хэд хэдэн асуудал байна. Эдгээрийг зохицуулж, Улаанбаатар хотыг хэвийн өвөлжүүлэх асуудлыг зохицуулна.
Ковидын нөхцөл байдал ер нь л хүнд байгаа ба дэлхий нийтэд мөн адил хүнд байгааг та бүхэн мэднэ. Ковидын дараах эдийн засгийн нөхцөл байдал гэж маш хүнд асуудал бий. Том зургаар харвал их гүрнүүдийн ил далд хоородын тэмцэл дээд цэгтээ хүрч, үр дүнд нь юмны үнэ нэмэгдэх цаг үе өрнөж байна.
АНУ-аас 2,000 орчим доллароор ирдэг байсан ачааны тээврийн зардал 10 мянган долларт хүрсэн. БНХАУ-ын дотоодын тээвэрлэлтийн зардал 2-3 дахин өссөн. АНУ-ын засгийн газар өөрийнхөө таазыг нэмэгдүүлэхгүй бол дефолт зарлах тухай асуудал ярьж байна. Том зургаар нь харвал гадна тал дахь ковидыг дагасан эдийн засгийн хүндрэлтэй асуудлын хаялга манай улсыг дайрч гарах зураглал харагдаж байгааг нуулгүй хэлье. Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх ажил хийгдэж байна.
2021 оны 4-р сараас хойш хойд хөрш гадагшаа бензин гаргахгүй гэсэн мэдэгдэл хийсэн. Наймдугаар сараас асуудал үүссэн. Зохицуулалт хийсэн. Зохицуулалтын ажил үргэлжилж байна. Шатахуунтай холбоотой хүндрэлээс ойрын өдрүүдэд гарна. Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх ажил хийгдэж байна. Шатахуун тасарсан асуудлаар сайдын түвшинд хариуцлага ярьдаг хүн нь Ерөнхий сайд. Одоогоор энэ талаар яригдаагүй байна. Би 1990 оноос хойш улс төрд байна. Ийм олон хүндрэл хавсарсан хямрал маягийн нөхцөл байдал ер нь гарч байгаагүй. Энэ бол миний мэдэхийн дөрөв дэх хямрал. Ковид нь хүн төрөлхтний үзээгүй хямралд авааччихлаа" гэж ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хэллээ.