Ашигт малтмал, газрын тосны газраас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр: "Есдүгээр сарын 26-ны өдөр эхний ээлжинд БНХАУ-аас 50 вагон, ОХУ-аас 20 вагон шатахуун орж ирсэн. Үүнээс хойш БНХАУ-аас 150 вагон шатахуун импортоор ирсэн.
Татан авалтууд хэвийн явагдаж байна. Өчигдөр орой БНХАУ-аас Замын-Үүд боомтоор 50 вагон шатахуун ирсэн. Одоо ачиж байгаа. Аравдугаар сарын 1-ээс ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс өдөрт зургаан вагонаар ачиж байгаа. Энэхүү вагонууд өнөөдөр өглөө Толгойт өртөөн дээр буулаа. Өнгөрсөн хугацааны хомсдол үүссэнээс хойш татан авахад хугацаа орж байгаа. Үүний дагуу арга хэмжээнүүд авч ажиллаж байгаа. Иргэдээсээ тайван байхыг хүсье. Хомсдлын асуудал үүсээгүй, татан авалт нөлөөгөө үзүүлж байгаа.
Учир нь энгийн ШТС 10 тонны борлуулалтыг 24 цагт хийдэг байсан бол дугаарлалт үүсэх, борлуулалтын тоо хэмжээ нэмэгдсэнээр 10 гаруй цагийн дараа дуусах, ийнхүү ШТС дээр бензин дуусахад агуулахаас буцаж ШТС-аа цэнэглэх процесс үргэлжилж байгаа. Үүнд иргэд бензин дууссан гэдэг буруу ойлголтыг аваад байх шиг байна. Ямар нэгэн байдлаар шатахуун тасалдсан зүйл байхгүй.
Замын-Үүд болон Сүхбаатар боомтуудад бензин буугаад, ажиллаж байна.
Өчигдөр өдөр Сод Монгол ШТС-аас ерөнхий захирлын тушаал гарч, дотооддоо хязгаарлалт хийсэн гэсэн мэдээллийг авсан. Үүний дагуу УУХҮЯ дээр Ёндон сайд тэргүүтэй хүмүүс ААН-ийн төлөөлөлтэй уулзаж ярилцсан. Тухайн үед техникийн алдаа гарсан гэдгээ Сод Монголын зүгээс хэлээд өнөөдөр өөрсдөө түүнийгээ залруулж тавьсан.
Дэлхийн зах зээл дээрх үнэ тогтвортой байж байгаад өссөн. Монгол улс бол импортлогч улс. Үйлдвэрээ барьсан үед шатахууны үнийн асуудал яригдана" гэв.
Шунхлай ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран: Нөөц хэвийн байна. Шатахуун тасраагүй. Өчигдөр 16.00 цагаас хойш дараалал үүсэж, шөнө зарим шатахуун түгээх станцуудын шатахуун дууссан. Манай 28 ШТС хэвийн ажиллаж байна. ШТС-уудад дунджаар 10 тонны нөөц байдаг. БНХАУ-аас өдөр бүр шатахуун хүлээн авч байна. Тухайн ШТС-ын нөөц багасахаар бид худалдан авалтад хязгаарлалт тавьсан. Түүнээс компанийн агуулахын нөөц хэвийн байна.
Үнийн тухайд АИ-92-ын үнийг нэмэх шийдвэр гараагүй. Бид алдагдал хүлээж байгаа нь үнэн. Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлөөр үнийг шийднэ.
АИ-92-ын улсын долоон хоногийн, нийслэлийн тав хоногийн нөөцтэй байна.