АИ-92 шатахууны нийлүүлэлт багассан гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд тарж, иргэд шатахуун түгээх станцуудад дахин урт дараалал үүсгэсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Газрын тосны бодлогын газраас газрын тосны бүтээгдэхүүн, АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгааг мэдээлсэн.
Бодит байдал дээр буюу ШТС-уудад нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа.
Петровис ШТС-ын түгээгч: Шатахууны нөөц хэвийн байгаа. Гэвч өчигдөр шөнөөс хойш өглөө 05:00 хүртэл иргэд дугаарлан сая дууслаа. Одоо орлого ирвэл шатахуун хэвийн олгоно. Иргэд өөрсдөө фэйсбүүкээр сенсаци тараан дугаарлалт үүсгээд байна. Түүнээс АИ92, АИ95 шатахуун олголт болон хангалт хэвийн байгаа.
Жолооч: Бусад ШТС-ууд ч дугаарлалт ихтэй байсан. Энд ирээд удаагүй байна.
УУХҮЯ-наас мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 7 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд 5 хоногийн ердийн нөөцтэй, нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа гэв.