BBC агентлагийн Эрүүл мэнд, шинжлэх ухааны сурвалжлагч James Gallagher-ийн нийтлэлд коронавирусээр дахин өвчилж байгаа тохиолдлыг шинжлэх ухааны явцад бүрэн шинжилж дуусаагүй. Коронавирусээр өвчилсний дараа "дельта" болон "мю" хувилбараар өвчлөх боломжтой гэж тогтоосон талаар дурджээ. Өөрөөр хэлбэл коронавирусээр өвчилсөн ч ахин өвчлөх магадлал бий гэсэн үг.
Бид коронавирусийн халдвараар зургадугаар сард өвдөөд 10 дугаар сард дахин өвчилсөн иргэн Н-тэй холбогдлоо. Тэрбээр коронавирусийн халдвараар хоёр дахь удаагаа өвдөхдөө өмнөхөөсөө илүү хүнд туссан гэв.
Энэ талаар "Өмнөх удаад ажлын газрын хүнээсээ хавьтал болоод хоёр удаа шинжилгээ өгсөн ч сөрөг гарсан. Харин манай найз залуу амт үнэр мэдрэхээ болиод дахин шинжилгээ өгөөд ковид туссан гэдгээ мэдсэн. Тухайн үед хоолой өвдөөд өвчин орчихсон, өөрийн эрхгүй унтаад нозоороод байсан. Миний хувьд амт үнэр алга болоогүй. Харин найз залуугийн маань амтлах, үнэрлэх мэдрэмж долоо хоноод сэргэсэн. Долоо хоног өвдөөд хэцүү байх үедээ ханиад гэж бодоод даван туулчихсан байсан. Дараагийн долоо хоног хэцүү байсан ч гэсэн эмнэлгийн ачаалал их байсан болохоор өрхийн эмнэлгээс эмч дуудаагүй. Эмийн багцаас нь ч аваагүй. Тухайн үедээ тэгээд өнгөрсөн. Пср шинжилгээ 80 мянга, түргэвчилсэн 30 мянга гээд хоёр гурван удаа өгсөн. Мөн витамин, эм тариа гээд бараг 500-аад мянган төгрөгийн зардал гарсан. Эдгэсний дараа би болон манай ажлын гурван хүн мартамхай болчихсон байсан. Үе үе толгой өвдөх зовиур байсан. Одоо хоёр дахь удаагаа тусчхаад байж байна. Ер нь бол үе үе бөөлжөөд нус гоожоод ханиалгаж байна. Толгойн өвдөлт илүү хүчтэй болж чих рүү хамт хатгуулаад босож явахаар дотор муухай оргиод байгаа. Эсвэл суугаад хэвтээд байх юм бол арай гайгүй. Явж чадахгүй идэвхтэй үйл хөдлөл хийж чадахгүй тиймэрхүү байдалтай байна. Өнөөдөр босож явж чадахгүй байсан болохоор өрхийн эмнэлгээс эмээ хүн явуулж авахуулсан. Биеийн байдал дээрдвэл маргааш очиж үзүүлнэ. Өрхийн эмнэлгээс хоёр төрлийн вирус устгах эм витамин Ц, Д аспиринтай өгсөн. Тэгээд энэ эмүүдээ уугаад эмчилгээгээ хийлгэж байна. Ер нь бол маскаа сайн зүүгээд хоёр цаг тутам солиод өмнө нь туссан болохоор сэргийлэх арга хэмжээгээ сайн авсан. Гэсэн ч ахиад тусчихлаа. Өмнө нь туссан хүн гурав дахь тун хийлгэж болохгүй гэсэн учраас олон хүнтэй газар явахгүй байж болох бүх боломжоороо хариуцлагатай байсан. Яагаад туссанаа сайн мэдэхгүй байна. Автобусанд маш их хүнтэй байдаг болохоор магадгүй автобусанд л авсан болов уу гэж бодож байна" гэв.
Гурван сая хүн амтай Монгол улсад 314 мянга гаруй иргэн коронавирусийн халдвараар өвчлөөд байна.Тусаад эдгэрсэн иргэд коронавирусийн халдвараар дахин өвдөх тохиолдол нэмэгдэж байгаа. Иймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, маскаа сайн зүүж олон хүн цугласан газраар явахгүй байхыг анхааруулж байна.