Хуулийн этгээд бүртгүүлэхэд иргэн биечлэн эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж, улсын бүртгэлийн газар заавал очих, бүртгэл хийлгэх, оноосон нэр баталгаажуулахад нэрийн давхардал үүсдэг зэрэг асуудлаас болж иргэд дараалалд удаан зогсох, мөн дараа өдөр нь дахин биечлэн ирэх шаардлага нэлээн гардаг. Хуулийн этгээдийн нэрээ сонгож баталгаажуулсны дараа арилжааны банканд данс нээлгэх, үйлчилгээний хураамж төлөх, ямагт бөглөх, материал дутуугаас болж банк болон бүртгэлийн байгууллагад олон удаа ирж очих зэрэг бэрхшээлтэй тулгардаг.
Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын гаргасан судалгаагаар хуулийн этгээдийг бүртгүүлэхэд ажлын 3-5 хоногт ойролцоогоор 20-50 мянган төгрөгийг зарцуулж, 10-13 нэр төрлийн бичиг баримтыг бүрдүүлэн 2-3 удаа ирж, буцах шаардлага тулгардаг талаар дурдсан байна. Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас дээрх үйлчилгээг “e-Mongolia” системд цахимжууллаа. Та “e-Mongolia” системд нэвтрэн орж, “АЖИЛ БҮТЭЭХЭД ТАНЬ ТУСАЛЪЯ” цэснээс “ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ” гэсэн хэсэгт хандаж, хуулийн этгээд байгуулах багц үйлчилгээ болон мэдээллийг авах боломжтой.
Ингэснээр та ойролцоогоор 15-60 минутын хугацаанд гэр болон албан байгууллагаасаа гаралгүй бичиг баримтаа “e-Mongolia” системд PDF файлаар оруулж, бүртгэлийн байгууллын үүд сахихгүйгээр түргэн шуурхай хуулийн этгээдээ байгуулах боломжтой юм.