Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Хэдийгээр иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа ч дархлаажуулалтын хамрагдалт муу байна гэдгийг онцоллоо. I тунд нийт хүн амын 74.5, II тунд 70.7 хувь хамрагдсан бол дархлаа сэргээх нэмэлт буюу III тунд 11 хувь нь л хамрагдаад байна. Вирусийн эсрэг эмийн зах зээлийн нөөцийн судалгааг долоо хоног тутам гаргаж буй.
Мөн ӨЭМТ-үүдэд зээлээр эм авах нөхцөлийг бүрдүүлжээ. Ор зохицуулалтын баг өнгөрсөн долоо хоногоос ажиллаж эхэлсэн бөгөөд 2,297 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн. Ор зохицуулалтын баг ажиллаж эхэлснээр эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, хөнгөн хүн эмнэлэгт хэвтэхгүй, хүнд хүмүүс эмнэлэгт хэвтэх нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн ӨЭМТ-үүдэд сайн дураар ажиллах автомашинтай 400 хүн бүртгүүлснээс 30 хүнтэй гэрээ байгуулсан байна. Өнөөдрөөс сургалтад хамруулж, машины ариутгал, халдваргүйтгэлийг шийдэж, маргаашаас ажилдаа орно хэмээв.
Аравдугаар сарын 1-ний байдлаар ерөнхий боловсролын хоёр сургууль бүрэн, нэг сургууль хэсэгчилж цахим хэлбэрт шилжжээ. 12-оос дээш насны хүүхдүүдтэй 52, 12-оос доош насны 64 бүлэг цахим хэлбэрт шилжсэн байна.
Мөн долоон цэцэрлэг бүрэн, 26 цэцэрлэг хэсэгчилсэн байдлаар цахим хэлбэрт шилжсэн. Үүнээс бэлтгэл 35 бүлэг, ахлах 36 бүлэг байна. Халдвар авсан нийт хүмүүсийн 19.4 хувийг хүүхэд эзэлж байгаа бөгөөд хичээл, сургуулийн орчноос халдвар авах нь бага байгаа тул сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлогыг БШУЯ-наас баримталж байгааг танилцууллаа.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.