Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” жүжгээр хийх гэж байгаа билээ.
Сэтгэл зүйн төрлийн энэ жүжгийн гол дүрийг бүтээж байгаа жүжигчин Д.Лхагвааг бид “Хөрөг” нэвтрүүлэгтээ урьж ярилцлаа. “Guys” хамтлагаар уран бүтээлийн гараагаа эхэлж, өдгөө LVA энтертайнмент байгуулан “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Фэйсбүүк од”, “Мухар гудамж”, “1990” зэрэг уран бүтээлийг үзэгчдэд хүргэснээр нь Д.Лхагвыг үзэгчид мэдэх билээ.
-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
Намайг Дашсамбуугийн Лхагва гэдэг, жүжигчин мэргэжилтэй. 2001 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. “Guys” хамтлагаа байгуулаад уран бүтээлүүд хийж яваа чөлөөт уран бүтээлч. Би LVA энтертайнмент гээд байгуулсан, өөрийнхөө нэрийг товчлоод. Кино уран бүтээл дээр түлхүү ажилладаг. Сүүлд “1990” киног хийн 2020 онд нээлтээ хийсэн.
-Хүүхэд байхаасаа л урлагт дуртай нэгэн байв уу? Урлагт анх яаж хөл тавьж байсан бэ?
-Миний хүүхэд нас Улаанбаатар хотод өнгөрсөн. Намайг жүжигчин урлагийн хүн болсон болохоор хүмүүс багаасаа сургуульдаа идэвхтэй, байнга урлагийн үзлэгтээ ордог, дандаа тэргүүлж байдаг тийм хүүхэд байсан байх гэж бодож магадгүй. Би ерөөсөө тийм байгаагүй. Их даруухан хүүхэд байсан.
Миний хүүхэд насны тод дурсамж надад одоог хүртэл байдаг. Нэг, хоёрдугаар ч анги байсан юм уу, тэр үед монголын ганц суваг, дээр нь оросын ОРТ суваг л гардаг байсан. Нэг удаа зурагтаар Шелькунчик хүүхэлдэйн кино гарсан. Тэр хүүхэлдэйн кино ямар ч текст байхгүй, хөгжим дээр зохиомжилсон. Хүүхэлдэйн кино нь дан үйл явдлаараа болдог. Түүнийг би үзэхдээ зурагтынхаа өмнөөс хором, секунд, доль ч холдоогүй, нэг ч хөдөлгөөнгүйгээр үзэж дуусгасан. Түүнийг би үзэж байхдаа гоё юм идээд арааны шүлс асгарч байгаа юм шиг мэдрэмж авсан. Тэр хөгжимд нь нисээд дүүлээд яагаад ч байгаа юм. Гол дүрийн охинд нь дурлаад ч байгаа юм уу, тийм гоё мэдрэмжийг авч байсан. Үзээд дуусахад манай ээж намайг их ажигласан юм шиг байгаа юм. Бүр гайхаад “Хөөх, миний хүү чинь урлагт ийм дуртай юм уу, ингэж чин сэтгэлээсээ мэдэрч үзэж байна гэж үү? Чи чинь урлагт үнэхээр дуртай юм байна” гэж хэлж байсан. Тэр үеэс ээж минь миний хүү урлагт дуртай, мэдрэмжтэй юм байна гэдэг ойлголтыг авсан юм шиг байгаа юм. Тэгээд 10 жилээ төгсөөд хуулийн сургуульд шалгалт өгч байсан. Тэр үед хуулийн мэргэжил мода болж байсан. Мэдээж би чинь бэлдээгүй хүн чинь яаж тэнцэх вэ дээ. Тэгээд лааз өшиглөчих гээд болдоггүй.
Ээж намайг урлагийн жаахан мэдрэмжтэй гээд мэдсэн болохоор “Миний хүү зүгээр байж байхаар урлагийн сургуульд шалгалт өгөөд үзэх юм уу” гээд “Манай найз захирал нь юм чинь чи өгөөд үз. Чамайг багш нар нь шалгаад урлагийн жаахан ч гэсэн юм байна гэж үзэх юм бол би найздаа хэлээд дэмжүүлээд чамайг оруулья” гэсэн. Тэгээд би Харцага сургууль дээр очоод шалгалтын комиссоос нь юу бэлдэж байж сургуульд ордог юм бэ гэдгийг мэдэж авч байгаа юм. Шүлэг, ёгт үлгэр заалгаад, этюд заалгаад түүнийг нь сар хагасын хугацаанд бэлдсэн байх. Манай ээжийн дэмжлэг тодорхой хэмжээгээр ороод анх Харцага дээд сургуулийн босгыг алхаж байлаа. Тэгээд хагас жил хэртэй сурсан. Нэг удаа автобусанд явж байсан фм-ээр Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн “Би багшийн дээдэд анх анги аваад П.Цэрэндагва, Ц.Төмөрбаатар нарыг төгсгөснөөсөө хойш анги дааж авалгүй удаж байна. Тийм учраас би СУИС-д анги авч шавь нартай болно. Жүжигчин болох сонирхолтой хүүхдүүд ирж шалгалт өгөөрэй” гээд. Түүнийг сонсоод ангийнхандаа ирж хэлэхэд манай ангийнхан бас сонссон байсан. Хэдүүлээ явж шалгалт өгөөд үзье гээд. СУИС-д л орж байвал жинхэнэ жүжигчин болох юм шиг мөрөөддөг байсан. Тэгээд Соёлын төв өргөө дээр очиж шалгалт өгөөд тэнцээд СУИС-д орсон.
-“Guys” хамтлагаа СУИС-д суралцаж байх үедээ байгуулж байсан шүү дээ. Энэ талаараа эргэн дурсвал.
-Би чинь хамтлаг байгуулах мөрөөдөлтэй. Тэр мөрөөдлийнхөө тухай ярьсан чинь манай Төгсөө бас тийм мөрөөдөлтэй. Бид хоёр яриад хамтлаг байгуулья гэж шийдсэн. Тухайн үед чинь MTV л үзэж байгаа шүү дээ. Хамтлагууд дандаа 4-5 гишүүнтэй байж байгаа байхгүй юу. Хоёулаа байж болохгүй байна, ядаж дөрвүүлээ болох хэрэгтэй байна гээд. Ангийнхнаасаа харж байгаад дууны хичээл ороход хэн нь гайгүй дуулж байгааг харж байгаа юм. Мийгаа басс хоолойтой юм байна, авья гээд. Тэгээд Уугий баритан хоолойтой юм байна, авья гээд. Төгсөө бид хоёр тенор хоолойтой.Тэгээд анх “Guys-666” хамтлагийг байгуулж байлаа. Яг оюутан байхаасаа нэгдүгээр курсээсээ анхны уран бүтээлээ хийж эхэлсэн. Хоёрдугаар курсээс бидний анхны дуунууд “Эмзэгхэн хайр”, “Сонсож бай”, “Хайрын бүжиг” дуунууд маань хит болж эхэлсэн. Хамтлагийнхаа уран бүтээлийг жүжигчнээр сурах явцын амьдралаа хослуулж эхэлсэн түүхтэй.
– Ф.М.Достоевскийн “Гэм зэм” жүжгийн гол дүрийг бүтээж байгаа. Энэ жүжигт тоглох саналыг хэрхэн хүлээж авав?
-Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн жүжиг тавих гэж байна гээд “Орфей” театраас надтай холбогдсон юм. Ф.М.Достоевскийн 200 жилийн ой удахгүй болох гэж байгаа. Дэлхий даяараа тэмдэглэж байгаа юм билээ.
Би бол яг театрын жүжигчин биш шүү дээ. Олон жил тайзан дэээр гараагүй учраас бас нэг гараад үзье, өөрийгөө сориод үзье гэсэн шалтгаанаар энэ саналыг хүлээж авсан. Дүрийн хувьд Раскольников гээд гол дүр. Энэ гол дүрийг намайг гаргах байх гэж итгэж намайг сонгож байгаа нь надад баярлууштай, хүндлүүштэй бас их айдастай байсан л даа. Ф.М.Достоевскийн зохиолууд угаасаа алдартай. Энэ зохиол дэлхий дахинд олон орны хэл дээр орчуулагдсан. Олон ч орны театрууд үүгээр жүжиг тавьж байсан түүхтэй. Жүжигт ажиллаагүй их удсан байгаа учраас уран бүтээлчийнхээ хувьд яах бол, үүнийг би хийж чадах болов уу гэсэн айдсууд үнэхээр их байсан л даа. Манай анги нэгдүгээр курсээсээ эхлээд У.Шекспирийн “Гамлет”, “Оттелло” жүжгүүд дээр ажиллаж эхэлсэн. Бид төгсөхдөө “Гамлет” жүжгээ дипломын ажил болгож хамгаалж байсан. Түүнээс хойш С.Жаргалсайхан гуайн зохиол “Дурлал яг үлгэр шиг, бас үхэл шиг” драмын жүжиг УДЭТ-т тоглож байсан.
-Тайз, дэлгэцийн бүтээлийн ялгаа?
-Тайзны бүтээл, дэлгэцийн бүтээл хоёрын хооронд ялгаа их байна. Кино бол жүжигчин хүнээс янз бүрийн байдлаар алдаа гарлаа гэхэд тэрийг за дахиад явья гээд засаад хийчих боломжтой. Тайзан дээр 19:00 цагаас хонх дуугараад зритель орж ирээд үзэгчдийн өмнө хоёр цаг тоглоход алдаа гаргавал тэр алдаа тэр чигээрээ л өнгөрнө. Ойлгож, уучлах хүмүүс нь цөөхөн. Тийм учраас илүү өндөр хариуцлага, ур чадвар, жүжигчнээс ажиллагаа, сургуулилт, илүү өндөр хариуцлага шаардаж байгаа. Бас илүү амттай.
Жүжигт ажиллаж эхлээд бидний бэлтгэл сургуулилт явж байгаа энэ цаг өдрүүдэд өөрийгөө яаж хөгжүүлж болох уу. Би яаж энэ жүжигт бэлдэх үү гээд бүх юмыг эхнээс нь хийж байгаа учраас гоё байна. Ганцхан драмын театртай, тэр драмын театрт харьяалагддаг, түүнд орсон жүжигчдэд хамаатай, боломжтой тийм л цаг үеүд өнгөрлөө шүү дээ. Шинэ төгсөж байгаа жүжигчдэд их том үүд хаалга нээгдэж байна. Театрын урлаг цаашдаа ч гэсэн сайн хөгжөөсэй гэж боддог.
-Таны хувьд дүрийн сонголт дээр хэрхэн ханддаг вэ?
-Зүгээр л би тийм дүрд тоглоно гэж зорилго тавьж байгаагүй. Миний гаргаж чадахуйц, надад боломжтой тийм дүр олдвол жүжигчнийхээ хувиас гаргахыг маш их хүсэж байгаа шүү дээ. Одоо тэр боломж минь олдчихоод байж байна.