2021 оны 10 сарын 3-ны өдөр Герман Улс нэгдсэний 30 жилийн ой тохиож байна. Иргэд эрх чөлөө, ардчилал, хүний эрхийн төлөө тайван замаар тэмцсэний үр дүнд 31 жилийн өмнө Берлиний хана нурж, Зүүн болон Баруун Герман дахин нэгдсэн юм.
Германд өөрчлөлтийн үйл явц өрнөж, Герман Улс нэгдсэнээр Европ тивийг 40 гаруй жилийн турш хувааж байсан хана нуран унасан. Тиймээс ч бид энэхүү өдөр Төв болон Зүүн Европын орнуудын иргэдийн эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцсэн эр зоригийг дурсан тэмдэглэж байна гэж дэлхийн өнцөг булан бүрт суугаа элчин сайдын яамдууд мэдээллээ.
Энэ өдөр бол Герман улсын хувьд Европын эв нэгдлийг цаашид гүнзгийрүүлж, дэлхий даяар энх тайван, эрх чөлөө, хүний эрхийн төлөө хүчин зүтгэх эрч хүчийн үндэс нь болсон гэдгийг ч тэд онцоллоо. Түүхийн хуудсыг сөхвөл 1990 оны тавдугаар сарын 18-нд Бонн хотноо ХБНГУ болон БНАГУ эдийн засаг, валют, нийгмийн холбооны тухай гэрээ байгуулсан юм. 1990 оны наймдугаар сарын 23-нд БНАГУ-ын таван мужийг ХБНГУ-ын бүрэлдэхүүнд шилжүүлэх шийдвэр гаргаж, мөн сарын 31-нд зүүн Берлинд хоёр Германы удирдлага улс орны хувьд нэгдэх гэрээг үзэглэж байсан юм. Ингээд 1990 оны аравдугаар сарын 3-нд Берлинд нийслэлтэй нэгдсэн Герман улсыг зарлан тунхагласан түүхтэй. Энэ өдрийг өдгөө Герман даяар үндэсний эв нэгдлийн баяр хэмээн тэмдэглэдэг болсон байна.