АН-ын удирдлагууд өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
АН-ЫН ДАРГА АСАН С.ЭРДЭНЭ:
Монголын ардчилсан холбооны анхны дарга,тухайн үеийн төр нийгмийн сор болсон улстөрч байсан. С.Зориг агсны хэргээр олон жил улс төрийн шоу, ашиг хонжоо олох гэсэн бусармаг үйл явдал өрнөсөөр ирсэн. Үүний тод жишээ бол өчигдөр С.Зориг агсны нас барсан өдрийг тохиолдуулж байгаа юм шиг гурван шатны шүүхээр ял шийтгэл авсан этгээд олон нийтийн телевизээр эрээ цээргүй асуудлыг ярьж байгаад үнэхээр харамсч байна.
Өнгөрсөн хугацаанд энэ хэргийг илрүүлэх цаг хугацаа хангалттай байсан. 23 жил гэдэг бага хугацаа биш. С.Зориг агсны хэргийг илрүүлэх ажлын хэсгийг таван удаа тарааж хэргийг замхруулах гэсэн этгээдүүд өнөөдөр төрийн өндөр албан тушаалд заларч сууна. Сонгууль дөхөхөөр энэ хэргийг АН-тай холбож харлуулж, гүтгэх гэж оролддог. 2000 онд цагдаагийн дарга байсан хүн "АН байгаа цагт С.Зориг агсны хэрэг илрэхгүй" гэж хэлснийхээ дараа УИХ-ын гишүүн болж байв. Улс төрийн аллага гэхээр дан ганц С.Зориг бус монголын сор болсон эх орончдыг хэдэн мянгаар нь хөнөөж буудсан шүү дээ. Монголын зургаан Ерөнхий сайдыг харь орны нийслэлд аваачиж буудаж хороосон. 10 гаруй мянган эх орончийг харь орны шоронд эрүүдэн шүүж хөнөөсөн.
Улс төрийн аллагын хариуцлагыг өнөөдөр 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа коммунист нам хүлээх ёстой.
Гурван шатны шүүхээр тогтоочихоод байгаа гэмт хэрэгтнийг өнөөдөр суллаж тавьчихаад түүгээр улс төрийн ашиг хонжоо олох гэж улс төрийн сонгуульд нэр дэвшигчийг гүтгүүлээд явж байгаа эрх баригчдыг юу гэж ойлгох юм бэ. Монголын төрд, монголын шүүхэд итгэх итгэл хаана байгаа юм.
Өнөөдөр С.Зоригийн аллагыг дангаар нь салгаж ярих биш энэ коммунистууд гарч ирсэн цагаас хойш Монголын улс төрд улс төрийн аллага гэдэг зүйл ерөөсөө хэвийн үзэгдэл байсан шүү. Үүнийг таслан зогсоох цаг болсон шүү гэдгийг өнөөдөр хэлмээр байна. Үнэхээр гэмт хэрэгтэн, захиалагч нь тодорхой байгаа юм бол тэрийг гаргаад яваач ээ. АН-аас энэ талаар бид цаашдаа дорвитой арга хэмжээ авч мэдэгдэл хийх болно.
АН-ЫН ДАРГА М.ТУЛГАТ:
-Ардчиллын эсрэг байгаа хүмүүс энэ хэргийг улс төрийн зорилгоор сөхдөг. Нөхөн сонгуулийн үеэр сонгуульд нэр дэвшсэн хүн рүү давшилсан байдлаар С.Зориг агсны нас барсан өдрийн өмнөх өдөр зориуд гаргаж байгаа нь увайгүй үйлдэл. С.Зориг агсан бол Ардчиллын билэг тэмдэг.
АН-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ:
-С.Зориг агсны хэрэг нь сонгуулийн хэрэгсэл болоод хувирчихлаа. Бид Монгол Улсын шүүхэд итгэх ёстой. Гурван шатны шүүхээр нэгэнт буруутай гэж үзсэн хүмүүс буруутай гэдэгт итгэж байна. Тэр хүмүүс гавьяа байгуулсан юм шиг зурагтаар гарч байгаа нь зохимжгүй.