Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай өчигдөр утсаар ярив.
Гадаад харилцааны сайд нар хоёр тал Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ойг энэ оны туршид худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг олон салбарт өргөн агуулгатай арга хэмжээ зохион байгуулан угтаж буйд баяртай байгаагаа онцлон тэмдэглээд, оны үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний харилцан айлчлалын талаар санал солилцлоо.
Түүнчлэн Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг зохион байгуулах нь чухал болохыг сайд нар онцлон тэмдэглэв.
Гадаад харилцааны сайд нар энэ үеэр хоёр талын худалдаа, дэд бүтэц, боловсролын салбарын хамтын ажиллагааны зарим тулгамдсан асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, “УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагаатай холбоотой хуримтлагдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэх, ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар ярилцаж, Улаанбаатар хотод Монгол-Оросын хамтарсан дунд сургууль байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм
Гадаад харилцааны сайд нар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар ажиллахаа илэрхийлэв.
Сайд нар мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо гэж ГХЯ-наас мэдээллээ.