Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын ахмадын байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:
“Олон улсын Ахмадын баярын өдөр эрхэм хүндэт ахмад буурлуудынхаа амар амгаланг айлтган мэндчилж байна.
Ахмадуудын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэж байхаар тунхаглажээ. Энэ шийдвэрийн дагуу манай улс 1992 оноос эхлэн “Ахмадын баярын өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр даруй 30 дахь жилтэйгээ золгож байна.
Тэртээх 1931 онд эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө тэмцсэн ардын хувьсгалын ахмад партизануудын амьдрал ахуйд дэмжлэг үзүүлэх зорилгоор анх Партизаны хэрэг эрхлэх комисс нэртэйгээр үндэс сууриа тавьсан Монголын ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байна. 1968 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороо, 1988 онд Монголын ахмадын холбоо болон өргөжин тэлж, өнөөгийн нэршлээ авсан тус байгууллагын үе үеийн удирдлагууд, гишүүд дэмжигчдэд болон Монголынхоо нийт ахмадуудад их ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Одоо ажиллаж байгаа хийгээд гавьяаныхаа амралтад байгаа ахмад буурлууд маань өнгөрсөн XX зуунд эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг тунхаглан баталгаажуулж, хоцрогдлыг арилган хүн ардаа соён гэгээрүүлж, нэгдэл хоршоолол, сангийн аж ахуй байгуулж, үйлдвэр завод, аж үйлдвэрийг цогцлоосон билээ. Зах зээлийн шилжилтийн үед хувийн аж ахуйг бий болгож, эдийн засгийг сэргээн сорилт бэрхшээл, хямралт үеийг даван туулж, үр хойчдоо шинжлэх ухаанжсан, орчин үеийн хөгжил дэвшилтэй эргэлт буцалтгүй хөл нийлүүлсэн улс орныг хүлээлгэн өгч, өнөөгийн бидний гарт боломж бүрийг атгуулжээ.
Өтгөс буурлаа өргөж, ахас ихсээ хүндэтгэж, идэр залуусаа дэмжиж, хүүхэд нялхсыг асардаг нь эртнээс улбаатай эрхэм ёсон мөн. Энэ ёс өнөө цагт “Монгол хүн-Монголын баялаг” хэмээх үзэл санаан дор төрийн бодлогын төвд зангидагдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ахмадуудын насны хишиг, нийгмийн хамгаалал, тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг дэмжиж, эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн “Ахмадын хотхон”-ууд байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгч ажиллана. Ахмад настныг өөрийнх нь хүсэлтээр ажиллуулж, тэдний туршлага, ур чадварыг залуу үед өвлүүлэх бодлогыг ямагт дэмжих болно.
Идэр залуу насныхаа эрч хүчийг эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө өргөж, өнөөдрийн орчин үеийн Монголыг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууддаа Төрийн тэргүүний хувиар гүн талархал, хүндэтгэлээ илэрхийлье.
Төр түмнийхээ түшиг болсон азай буурлууд, ахмад настнууддаа энх тунх, эрүүл энхийг хүсэж, эртний сайхан ерөөлөөр урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе” гэжээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба