Амьдрал олон өнгөөр алагладаг. Яг л амьдралын олон өнгийг уран бүтээлдээ шингээн жанр бүрээр нь өөрийгөө сорьдог энэ цагийн шаггүй авьяаслаг найруулагчдын нэг Ж.Сэнгэдорж өнгөрсөн амралтын өдөр “Худалдагч охин” киногоо нээн үзэгчдэд хүргэлээ.
Бид түүний киноны нээлтийн дараа уран бүтээлч, кино найруулагчидтай уулзан киноны дараах сэтгэгдлийг нь сонслоо.
СЭНГЭЭ, ҮЗЭГЧДИЙГ “МАЙ, ҮҮНИЙГ СОНИРХООЧ ЭЭ” ГЭЖ ХИЧЭЭСЭНГҮЙ
Кино найруулагч Д.Галхүү
Миний хувьд “Худалдагч охин” киног үзсэний дараах сэтгэгдэл маш хүчтэй байлаа. Аль болох хүний анхаарал татья, илүү үзэгчид рүүгээ хүрье гэсэн тэмүүлэл монголын уран бүтээлчдэд байгаад байгаа юм болов уу. Гэтэл энэхүү “Худалдагч охин” кино яг эсрэгээрээ байлаа. Сэнгээгийн үндсэн тоглолт бол яг зөрж байгаа юм шиг эсрэгээрээ. Дээрээс нь Ж.Сэнгэдорж найруулагчийн бүтээлүүд дотроос энэ бүтээл илүү их найруулагчийн тавилт болон найруулагчийн кино тал руугаа бүтээл болсон байна. Сэнгээ энэ кинонд ёстой л өөрийгөө тамгална гэдэг шиг тэгж зорьж ажилласан байна. Юунд ч шунасангүй Сэнгээ. Үзэгчийн тал руу орж, үзэгчийг “Май, үүнийг сонирхооч ээ” гэж хичээсэнгүй. Зүгээр л энэ найруулагч өөрийнхөө бүтээлийг ийм кино, ийм зохиол гэж ёстой хашхирна гэдэг шиг үзүүллээ гэж би харлаа.
ИХ ЗҮРХ СЭТГЭЛ ШИНГЭСЭН, НАЙРУУЛАГЧИЙН ОНГОД ОРСОН ҮЕИЙН БҮТЭЭЛ БОЛЖЭЭ
УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа
Би сүүлд хэзээ ийм гоё кино үзлээ гэж бодож байлаа. Хажуугаар нь юу ч бодох завгүй киног ангайж үзэж суусаар байгаад дуусгалаа. Надад киноны текст, санаа, жүжигчдийн тоглолт, дүрийн сонголт ямар ч хийгүй болсон юм шиг санагдсан. Сүүлийн үед үзсэн монгол кинонуудаас хамгийн их таалагдсан нь. Яг бидний хүсээд байгаа киноны хэл. Монголчууд бид өөрсдөө киногоороо хөгжих гээд явж байгаа хүмүүс. Зарим уран бүтээлчид үүнийг хойш татах гээд янз бүр л байдаг. Бид чинь учраа олохгүй хөгжиж яваа хүмүүс. Энэ хөгжлийг урагш нь алхуулахад, киноны тухай илүү хүмүүсийг ойлголттой болгоход нөлөөлөх хэмжээний байв. Сэнгээ найруулагчийн хамгийн супер бүтээлүүдийнх нь нэг болсон байна. Магадгүй би бодлоо, энэ найруулагчийн хувьд хэн нэгний захиалгаар биш найруулагчийн өөрийнх нь зүрх сэтгэлээ буцалгаж их бодож зохиолоо бичсэн кино байх. Цаанаа маш их зүрх сэтгэл шингэсэн, найруулагчийн онгод орсон үеийн бүтээл юм шиг санагдсан. Их том сэдэв байхгүй мөртлөө ямар ч хийгүй. Дүрүүдийн текс ямар гоё байв. Жүжигчин О.Энхтуул эгчийг эргэн дэлгэцээс харах сайхан байлаа. Ямар сайхан жүжигчин юм бэ. Би монгол киног энэ маягаар хөгжөөсэй, урагшлаасай, ингэж зөвөөр хөгжиж, зөвөөр өөрсдийгөө олж хараасай гэж их хүсэж байна. Энэ бол хүмүүс заавал үзэх хэрэгтэй, харьцуулж бодох зүйлтэй кино болсон байна. Тэгэхгүй нэгэн төрлийн киногоор нүдүүлээд байхаар сүүлдээ толгой ажиллахаа болино юу нь сайн, муухайг ч мэдэхээ больж байгаа. Энэ кино бол кино гэдэг чинь ийм хэлтэй, иймэрхүү өнгөтэй, ийм дуугаралттай, ийм тоглолттой байх юм байна шүү, энэ их зөв байна шүү гэж надад харууллаа.
ЭНЭ КИНО ЗАДГАЙ СЭТГЭЛГЭЭГ ЗАМБАРААТАЙ БОЛГОЖ СЭТГЭЖ ХИЙЖЭЭ
Кино найруулагч Д.Ганболд
Ангийнхаа хүүхдийн бүтээлийг үзлээ. Энэ өөрөө задгай сэтгэлгээг замбараатай болгож сэтгэж хийсэн кино гэж ойлголоо. Дээрээс нь өгүүлэмж гэж юу вэ, хүн гэж юу юм бэ? Эндээс олон өнгийг олж харах байх. Гэхдээ хүн өөрөө янз бүрийн сэтгэлгээгээр, өөрсдийн ухамсар, ухаанаар амьдардаг байх. Эндээс физиологийн, сексийн мэдрэмж юунд хэрэгтэй юм бэ , өнөөдөр хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу гэдэг асуултыг хариултыг харж болно. Асуулт байна гэдэг чинь шалтаг байна гэсэн үг. Шалтаг байна гэдэг чинь шалтгаан байна гэсэн үг. Энэ өөрөө том философи юм. Энэ философийг толгойгоороо ойлго гээд хаячхаж байгаа юм. Толгой чинь олгой байна уу, толгой байна уу гэж. Тэгэхээр бид их томоор харах ёстой юм байна л даа. Хүмүүсийн амьдрал, харилцаа, сексийн харилцаа, харьцаа гэдэг өөрөө том юм байгаа юм. Тиймээс томоор сэтгэ. Заавал бүх юмыг тайлбарлах шаардлагагүй. Кино өөрөө дүрсний урлаг. Дүрсний урлаг дүрсний хэллэг байх хэрэгтэй. Энэ кинонд маш олон өнгө гарч байна. Би эндээс гурван өнгө олж харлаа. Энд хар, цагаан, саарал өнгө байна. Хар цагаан бол өөрөө сонгодог өнгө юм. Амьдрал өөрөө саарал болсон байна. Саарал өнгөн дотор бид туучиж явна. Эсвэл сонгодог байж болно. Сонгодог байна гэхээр дуурь үзэхийг хэлэхгүй л дээ. Хүн өөрөө өрөөсөө асууж байх ёстой юм билээ. Энэ бол хамгийн сонгодог юм.