10 сарын 1-ээс 10 сарын 7-ны хооронд “Хаан ордны намар” нэртэй нээлттэй хаалганы өдөрлөг Богд хааны ордон музейд болох гэж байна. Энэ үйл ажиллагаагаар олон сонирхолтой эвентийг ахмад настан, залуучуудад зориулан зохион байгуулах юм байна.
Нээлттэй өдөрлөгийн хүрээнд докторант, СУИС-ийн бүжгийн багш М.Мөнгөнцэцэг монгол бие биелгээг шавь нартайгаа хамт заах юм. Тэрээр, "К-поп урсгал хүүхэд залуучуудын дунд дэлгэрч байна. Гаднын урсгал Монголын хөрсөн дээр буухдаа монгол урлагтай нийлэмжтэй байх ёстой. Тийм учраас энэхүү К-поп урлагийг монгол урлагтай хэрхэн яаж нийлүүлж болох вэ гэдэг талаар залуучууддаа сургалт, бүжгийн үзүүлбэрүүдийг үзүүлье гэж бодож байна” гэлээ.
Мөн нээлттэй өдөрлөгийн өдрүүдэд Богд хаан, Дондогдулам хатантай холбоотой сан хөмрөгт байдаггүй хааны сонин хачин үзмэрүүдээр бичил үзэсгэлэн гаргах аж.
“Музей бол өөрөө боловсролын төв байгууллага, судлалын хүрээлэн. Олон залуучуудыгааирж үзээсэй гэдэг үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа. Ахмад буурлууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ 100% үнэгүй үзүүлнэ. Манай музейд хүүхэд үнэгүй үйлчлүүлдэг. Харин насанд хүрэгчид 50%-ийн хямдралтай үйлчлүүлнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хоёулаа ирээд нэг тасалбараар орох юм. Манай Богд хааны ордон музей дотор үзвэр үзүүлэнгээс бусад бүх газар зургаа авч болно. Мөн цэцэрлэгт хүрээлэнд залуучууд хүссэнээрээ ковер дуу дуулах, сонирхдог бүжгээ бүжиглэх боломжоор хангаж “Хаан ордны намар” гэсэн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна” хэмээн Богд хааны ордон музейн захирал О.Эрдэнэбаатар хэллээ.