Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Нэгдсэн эмнэлэгт анх удаа элэгний хорт хавдартай хүнд элэгний баруун дэлбэн тайрах мэс заслыг амжилттай хийлээ. Энэ мэс заслыг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн эмч нарын баг болон орон нутгийн залуу эмч нартай хамтран хийжээ.
ХСҮТ-ийн залуу мэс засалч Б.Түвшин орон нутагт ажиллах шийдвэр гаргаж, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаад нэг сар болж буй бөгөөд тэрбээр орон нутгийн эмнэлэгт ходоодны хавдрын мэс заслыг нутагшуулах зорилготой ажиллаж буй юм.
Хавдрын мэс заслын нарийн мэргэжлийн эмч Б.Түвшин тэргүүтэй сурах хүсэл эрмэлзэл дүүрэн мэс заслын залуу эмч нараа тус орон нутгийн эмнэлгийн удирдлага дэмжин ажилласнаар Улаанбаатарт гурав дахь шатлалын эмнэлэгт хийдэг хавдрын хэд хэдэн мэс заслыг амжилттай хийгээд байна.