Засгийн газар өнөөдөр 11.40 цагт ирэх оны улсын төсвийн төслийг УИХ-ын даргад өргөн барив. Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар өчигдөр мэдээлэхдээ “Ирэх оны төсөв хөгжлийн төсөв байна. Ирэх онд бид цар тахлын үеийн эдийн засгийн уналтыг тогтворжуулахаар зорьж байна. Бүх нийтээрээ эдийн засаг тэлэхийг хүлээж байна. Дараах чиглэлээр төсвийн шинэчлэлийн зорилт тавьж байна.
1. Төрийн өмчит компаниудад бүтцийн шинэчлэл хийнэ.
2. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үргэлжлүүлнэ.
3. Хувийн хэвшлийн үүрэгтэй чиг үүргийг төр хэрэгжүүлэхээ болино.
4. Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна.
5. Урсгал зардал ихтэй хөрөнгө оруулалтыг зогсооно.
6. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарна гэсэн юм.
Сангийн яам ирэх онд нэг ам.доллар 2930 төгрөгтэй тэнцэнэ гэсэн тооцоо хийжээ. Сүүлийн нэг жилийн турш ам.долларын ханш 2848 төгрөгийн үнэтэй байгаа юм.