“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.
Тэрбээр "Мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ялангуяа үндэсний томоохон компаниуд манлайлан оролцоно гэдэгт найдаж байна" гэв.
Мөн Зэвсэгт хүчнийг татан оролцуулахаар төлөвлөж байгаагаа хэлэв. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “”Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар нэгдэж, ирэх 10 жилд 100 сая, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани тонн нүүрс тутамд нэг буюу 2030 он хүртэл 176 сая мод тарьж, ургуулахаар болсон байна.
Энэ үеэр Ой судлалын ухааны доктор Н.Батхүү, “Тэрбум мод тарьж ургуулах зорилт хэрэгжих бүрэн боломжтой. Гол нь эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, туршлага зэргийг харгалзаж, бодитой, үе шаттай төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах бүтэц бий болгох шаардлагатай” гэлээ.