УИХ-ын намрын чуулганы нээлтийн өдөр буюу өнөөдөр АН-аас “Одоо боллоо” бүх нийтийн цуглаан зохион байгуулж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "Сүүлийн жилүүдэд коронавирусээс үүдэн 20 орчим их наяд төгрөгийг урсгаж, үргүй зардал гаргасныг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна. Дэлхийн улс орнууд ДНБ-ийхээ 17 хувийг ковидод зарцуулж байхад Монгол Улс 60 хувийг зарцууллаа. Гэсэн ч коронавирусийн халдварын тархалт, нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна. Үүнийг зохицуулах чадвартай Ерөнхий сайд, эрх баригч байхгүй юм бол Засгийн Газраа тараа гэж сөрөг хүчний хувьд шаардаж байна.
Аравдугаар сарын 1-ний энэ өдөр болох жагсаалд ард иргэд, бизнес эрхлэгчид болон үйлчилгээний салбарынхан ирж дуу хоолойгоо хүргэхийг урьж байна. Бид бүхэн жагсаалд ирсэн иргэдийн үзэл бодлыг чөлөөтэй, тайван замаар зохион байгуулах боломжоор хангаж ажиллана. Жагсаалыг үймүүлэх, эмх замбараагүй байдал үүсгэх яриа сонсогдсон. Ийм зүйлийг цагдаагийн байгууллагаас зохицуулж ажиллана гэж итгэж байна" гэв.
Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагаас жагсаал зохион байгуулахгүй байх шаардлагыг АН-д хүргүүлжээ. Жагсаал цуглаанаас гарсан аливаа эрсдэлийн хариуцлагыг зохион байгуулагч нар хүлээх талаар анхааруулсан байна.