Хүн өөрийн үзэл бодлыг бусдад шууд болон дам байдлаар тулгаснаар хэн нэгнийг гадуурхаж буй мэт хандлага гаргадгаа анзаардаггүй. Бидний амнаас гарах “хийтэй” ганц үг, бодлогогүй үйлдэл нийгэмд ЦӨӨНХ нэрээр тодотгогдсон хүмүүсийн ертөнцийг хайрцаглаж, тэгш эрхийг нь уландаа гишгэж буй явдал.
Эр хүйстэй ч байгалиасаа өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдэрдэг хэмээн ярьсан трансжендер Ж.Оюунболортой хийсэн ярилцлагыг уншигч та хүлээн авна уу.
-Сайн уу? Оюунболор оо. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн уу? Үзэл бодлоо илэрхийлэхээр ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Би хувиараа гоо сайхны төрлийн бизнес эрхэлдэг. Нүүр будна, гоо сайхны зөвлөгөө өгөх зэргээр ажиллаж амьдарч байна. Цаашдаа мастерт сурч мэргэжлээ ахиулах төлөвлөгөөтэй байгаа. Мэдрэмж ур чадвараараа үйлчлүүлэгчдээ татаж, итгэлийг нь хүлээсэн гэж бодож байна. Хэдийгээр би олонд сайн танигдаагүй ч нийгмээ дагаад сошиалд идэвхтэй байж өөрийн үзэл бодлоо хангалттай илэрхийлдэг. Ийм нэгэн хүн байна.
СОНГОЛТ МЭДРЭМЖЭЭСЭЭ ИЧИЖ ХАРАМСАЖ БАЙСАН УДААГҮЙ
-Таны нэг ярилцлагыг уншиж байсан юм. Эр хүйстэй ч өөрийгөө байгалиасаа эмэгтэй гэж мэдэрдэг гээд ярьсан байсан. Яг хэзээнээс ингэж мэдрэх болсон бэ? Өөрийгөө хүлээн зөвшөөрөх эсвэл бусдад хүлээн зөвшөөрүүлэхэд хэр хүндрэлтэй байсан бэ?
-Хүн бага насандаа хэнийг хайрлаж, ямар сонголт хийхээ мэдэрч эхэлдэг шүү дээ. Яг үүнтэй л адил. Бага насандаа би эрэгтэй шүү, би эмэгтэй шүү гээд өөрсдийгөө ялгаж эхэлдэг шиг гэсэн үг. Би хүүхэд байхаасаа л өөрийгөө эмэгтэй гэж мэдэрч эхэлсэн. Тиймээс өөрийгөө өөртөө хүлээн зөвшүүрүүлэх шаардлага гараагүй. Цэцэрлэг арван жилд байх үеэс намайг хүүхдүүд охин шиг гэдэг байлаа. Учир нь би их уян хатан, эмх цэгцтэй нямбай хүүхэд байсан юм.
Харин өөрийгөө бусдад ойлгуулах тал дээр, тухайн хүний ухамсар мэдэх асуудал гэж боддог. Амьдралд биеэ хэрхэн авч явах, хэн гэдгээ мэдрүүлж байгаа маань эргэн тойрны хүмүүст хангалттай гэж үзэж байна. Хэрвээ би сонголт мэдрэмжээсээ ичиж, нийгмээс ангид байсан бол гэр бүл аав ээжээсээ хүртэл өөрийгөө тусгаарлах байсан биз.
-Гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрсөн үү? Хүлээн зөвшөөрөөгүйн үүднээс аав ээжтэйгээ харилцаагаа тасалсан хүмүүс ч байдаг юм билээ? Таны хувьд?
-Би айлын бага л даа. Дээрээ хоёр сайхан эгчтэй. Хүлээн зөвшөөрөх тал дээр, бидний аав ээжийн үед бэлгийн чиг хандлагын талаарх мэдээлэл хомс байсан учраас одоогийн залуусыг бодвол хүлээн зөвшөөрөхгүй байх нь олон. Харин мэдээллийн эрин зуунд хүн бүр үзэл бодлоо хэлэхээс эхлээд өөрийгөө ойлгуулах боломжтой болж байна шүү дээ. Үүнийг дагаад нийгмийн хандлага бага багаар сайжирч байгаа. Гэр бүлийнхэн минь намайг өмнөхөө бодвол харьцангуй ойлгож эхэлсэн.
-Аав ээж, гэр бүлийнхэнтэйгээ эмэгтэй хүний амьдралаар амьдрах шийдвэрийнхээ тухай нүүр тулж ярьж байв уу? Яаж хүлээж авсан бэ?
-Мэдээж ээж аав, эгч нартайгаа ярилцсан. Ярилцаж ойлгуулж байж миний ар тал бат бөх байна шүү дээ.
-Та нэрээ сольсон уу? Эцэг эхээс нь өгсөн нэр юм уу?
-Манай гэр бүлийнхэн дандаа Оюун-тай нэртэй л дээ. Сүүлд нэрээ сольсон байгаа.
ХҮМҮҮС НАМАЙГ ЭНГИЙН АМЬДАР ГЭДЭГ Ч БИ БАЙЖ БОЛОХ ХАМГИЙН ЭНГИЙНЭЭРЭЭ АМЬДАРЧ БАЙНА
-Аль ч үеийн нийгэмд маш олон төрлийн зан авир, үзэл бодолтой хүмүүс бий шүү дээ. Хүлээн зөвшөөрөх нэгэн байхад, үзэн ядах хүмүүс ч байна. Хүмүүсийн дийлэнх хандлага ямар байгаа анзаарагддаг вэ?
-Хамгийн ойрын жишээ гэвэл эргэн тойронд хүрээлж буй хүмүүсийн хандлага. Тэд яагаад ийм амьдрал хүсээд байгаа юм? Гамбууш шиг болох гээ юу? Чамд дутагдах зүйл байхгүй. Энгийн л амьдар гэх зэргээр олон хүмүүс хэлж байсан. Гэвч миний мэдрэмж, сонголтууд надад байж болох хамгийн жаргалтай энгийн зүйл шүү дээ. Хүсэл мэдрэмжээ дагах нь нийгмийн хэм хэмжээг зөрчсөн гаж буруу зүйл биш гэж бодож байна. Тиймдээ ч ингэж хэлэх хүмүүсийн бодлыг өөртөө наалгүй өдийг хүрсэн.
Муу сайнаараа дуудуулаад амьдарч л байна. Гэсэн ч гэр бүлийнхэн минь ойлгодог болохоор эргэн тойрны хүмүүс хурдан хүлээж авдаг болов уу.
-Нэлээн олон сайтад ярилцлага өгч байсан юм билээ. Ингэхдээ олон нийтийг юу ойлгоосой гэж хүсч ярилцдаг вэ? Ярилцлага нь нийтлэгдсэний дараа хүмүүсийн сэтгэгдлийг уншдаг уу?
-Ийм хүмүүсийг олон нийтийн сүлжээгээр сурталчилж гаргахаа боль. Өөр хийх юм олдохгүй байна уу? гэх зэрэг шүүмжлэлийг олон харсан. Эрэгтэй хүйстэй ч өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдэрч байгаа анхны тохиолдол би биш. Намайг төрөхөөс ч өмнө байсан зүйл. Ярилцлага өгөөд, үзэл бодлоо илэрхийлж байгаа маань өөрийгөө сурталчлаад байна гэсэн үг биш юм.
Мөн хүн өөрийгөө эргэн тойрондоо танилцуулах чадвартай байна гэдэг сайн зүйл гэж боддог. Нэг талаараа миний давуу тал гэсэн үг.
ОЙЛГОЖ ДЭМЖИХИЙГ ШААРДАХГҮЙ ГАДУУРХАХАА БОЛИОСОЙ
-Сайн муугаараа дуудуулаад явдаг гэлээ шүү дээ. Таны хувьд шүүмжлэлүүд дундаас сэтгэл эмзэглүүлдэг үг бий юу?
–Монголчууд цөөхөн. Тийм атлаа нэгнийгээ цөөнх гэх тодотголоор битгий ялгаварлаж гадуурхаасай гэж хүсдэг. Та бүхэнд “цөөнх” гэж дуудуулахад хүрч буй нь бидний буруу, гаргасан алдаа биш гэдгийг ойлгоосой. Хүн бүр бэлгийн чиг хандлагын талаар мэдлэг мэдээлэлтэй байгаасай гэж хүсдэг. Гаднын кинон дээр гардаг арьс өнгөний ялгаварлан гадуурхалтыг үзээд ийм зүйл байж болохгүй гэж боддог хирнээ хүйсийн ялгаварлан гадуурхалт манай нийгэмд байх ёстой хэмжээнээс их гэж миний хувьд хардаг.
Шүүмжлээд байгаа хүмүүст ойлгуулах гээд байх шаардлагагүй ч энгийн өөрийнхөөрөө амьдарч байхад гадуурхах хандлагаа болиод өг гэж хэлмээр байдаг юм.
-Мөрөөрөө явж байгаад зодуулсан, доромжлуулсан тохиолдол гарч байв уу?
-Миний хувьд цахим халдлагад өртдөг. Өөрөөр хэлбэл доромжлуулдаг. Гэсэн ч үүний хажуугаар сэтгэлийн дэм өгдөг эерэг хандлагууд ч бий. Харин зодуулах зэрэг асуудал үүсч байгаагүй. Миний бодлоор биеэ хэрхэн авч явахаас хамаардаг.
Нийгэмд хамгийн ихээр эмээдэг зүйл бол залуусын боловсролгүй, бусдын эрхийг хүндлэхгүй байх явдал.
-Залуучуудтай болзож байна уу?
-Уулзаж учиръя гэсэн янз бүрийн залуучууд байдаг. Сониуч зандаа хөтлөгдөж уулзах нэгэн ч байна. Тэднийг буруутгах аргагүй.
-Ингэхэд найз залуутай юу?
-Найз залуутай.
-Найз залуугийнхаа тухай ярихгүй юу? Яаж танилцаж байв даа?
-Манай найз залуу их нуруулаг, гуяны булчин сайтай, үргэлж инээж байдаг хүн. Намайг аз жаргалаар дутаадаггүй. Анх миний зураг, постнууд дээр зүрх дараад байдаг байсан. Бичсэн зүйлсийг маань их л хичээж уншдаг байсан тухайгаа сүүлд ярьсан. Гэхдээ надтай харилцах хүсэлтэйгээ хэлэхээс эмээгээд хэсэг явсан гэсэн. Бид хоёр манай найзын төрсөн өдөр дээр танилцаж байсан. Тэр цагаас хойш утсаар ярьдаг болсон. Удалгүй уулзаж эхэлсэн юм. Ингээд л өнөөдрийг хүртэл хайрлуулаад л явж байна даа.
-Та хоёр харилцаагаа бат бэх байлгахын тулд юун дээр анхаардаг вэ?
-Хүнийг сэтгэлийг сэтгэлээр л татна. Хэн байх нь гол асуудал биш. Миний бодлоор хосууд хүлээцтэй, тэвчээртэй байхын хажуугаар маш сайн ярилцдаг байх хэрэгтэй. Биенээ төвөгшөөлгүй урмаар тэтгээд байхад харилцаанд сэв суухгүй л болов уу. Хааяа дүлий, сохор юм шиг байх нь зүгээр санагддаг. Ингэснээр хайртай хүнээ өөртөө илүү их татаж чадна гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.