Чөлөөт дизайнер Э.Мөнх-Эрдэнэ гэртээ “template”-үүд зурж гадагшаа борлуулдаг. Гэрээсээ ажиллах нь ямар давуу талтай хэрхэн гэрээсээ ажиллаж болох талаар тэрбээр дараах зөвлөгөөг өлөө.
“Миний хийдэг загваруудын хувьд пресентэйшн буюу компаниудын хурал зөвлөгөөндөө ашигладаг танилцуулга загварууд. Миний хувьд харагдах хувилбарууд болон хөдөлгөөнүүдийг хийдэг. Хүмүүс энэ загваруудыг худалдаж аваад өөрийнхөө хүссэнээрээ өнгө дүрс, загвар, зургийг нь сольдог”.
“Анх дөнгөж эхэлж байгаа хүмүүсийн хувьд өөрийнхөө портфолиаяг үүсгээд анхны бүтээлүүдээ гаргах хэрэгтэй. Dribbble, Behance гээд зурсан загваруудаа сайтууд дээр тавиад өөрийнхөө танилцуулгыг бэлдэж байна гэсэн үг. Эхний хийх алхам бол өөрөө эхлээд анхны бүтээлээ гаргахдаа хүмүүсээс яаж хийдэг вэ гээд заавар зөвлөгөө авах хэрэгтэй. Онлайнаар мөн маш олон зөвлөгөөнүүд байдаг. Ер нь бол судалгаанаас л эхэлнэ”.
“Фрилансаар ажиллана гэдэг нь чөлөөт уран бүтээлч гэсэн үг. Өөрийн юу хүссэнээ хийнэ. Ямар нэгэн компани, хүнд харьяалагдахгүй. Ийм төрлийн ажил хийхээр өмнөх ажлаа бодохоор ямар хэцүү байсан юм бэ гэж бодогдох ч үе байна. Би өмнө таван жил гаруй хугацаанд веб дизайнераар ажиллаж байсан. Тэгэхэд хүмүүс бараг компьютерын хулгана дээр гараа тавих нь холгүй үүнийг ингээд тэрийг ингээд өөрчилчих гээд байдаг. Дизайнер хүн өөрийнхөө зурсан дизайнаа хараад түүнээсээ мэдрэмж аваад дотроо өсөж хөгжөөд явдаг. Өөрийнхөө хүссэн цагаараа хүссэн үедээ ажиллаж болно. Чи үнэхээр сайн бүтээл гаргах юм бол түүнийхээ хэрээр орлого олдог. Тэгэхээр доллараар цалинждаг учраас орлого өндөр. Миний хувьд би юуг хэрхэн хийвэл миний амьдралд ашиг тустай вэ гэдгийг мэдчихсэн. Цаашдаа энэ төрлөөр шинээр орж ирж байгаа залуучуудад “templаte” хэрхэн зурж гадагшаа зарж ажиллах талаар зааж зөвлөөд сургалт явуулъя гэж бодож байгаа” гэв.