12 настайгаасаа эхлэн бялуу нарийн боов бүх төрлийн амттан хийж эхэлсэн 14 настай У.Содгэрэл бялуу хийж цуглуулсан мөнгөөрөө аялалд явах мөрөөдөлтэй. Бялуу хийж эхэлснээр хуримтлалтай болсноос гадна мөнгийг арвилан гамнаж үнэ цэнийг нь ойлгосон. Мөн хувийн зохион байгуулалт нь ч сайжирсан тухайгаа бидэнтэй хуваалцсан юм.
“Намайг У.Содгэрэл гэдэг. 33-р сургуулийн есдүгээр ангид суралцдаг. Анх бялуу хийх санаа эмээгээс минь төрж байсан. Эмээ минь надад анхны масло, гурил, үзэм гэх мэт бульчик хийлгэж идэх гээд материал авч өгч байсан. Гэхдээ эмээдээ хийж өгч арай амжаагүй. Эмээдээ хийж өгч чадаагүй учраас сайн хийж байгаагаа заавал харуулна гэж бодоод алдсан, шантарсан үедээ би чадна гэж өөрийгөө зоригжуулдаг. Бялуу хийх үед эмээтэйгээ хамт байгаа юм шиг надад санагддаг. Миний анхны захиалагч бол хамгийн хайртай нагац эгч минь төрсөн өдрийнхөө өмнөх орой надад захиалга өгсөн. Захиалгаа хийхдээ зуухан дотор болж байгаа бялуугаа хараад өөрөө маш их аз жаргалыг мэдрээд үүнээсээ бялуу хийж захиалга авах сэдэл төрж байсан”.
Тэрбээр бялуу хийж сурснаар цагаа зөв хуваарилж сурсан төдийгүй бялуу хийгээд зарсан мөнгөө хуримтлуулдаг гэсэн юм. “Өөрөө ажиллаж мөнгө олсноор мөнгөө хайрлаж сурсан. Хэрэглээндээ мөнгөө өөрөө зарцуулж сурснаар аав ээжээсээ мөнгө авахаа больсон. Өмнө нь дэлгүүр ороод л хэрэгтэй, хэрэггүй юм авдаг байсан бол энэ удаа би үүнийг авахгүй байсан ч болно доо. Мөнгөө хайрлая, гамная 1000 төгрөг ч байсан хураая гэж бодоод хэрэгтэй, хэрэггүй юмныхаа хэрэглээг маш их багасгасан” гэж ярилаа.
Бялуу хийж байх үед болсон хөгжилтэй дурсамжтай үйл явдлуудаа У.Содгэрэл “Зарим үйлчлүүлэгч нар минь намайг та, эгчээ гээд л дуудна. Тэгээд захиалгаа авахдаа хараад хөөх чи яасан мундаг юм бэ эгч нь чамайг найзууд, танилынхаа хүрээнд сурталчилна гэж хэлдэг. Тэгж хэлэхийг сонсохоор урам авч маш гоё аз жаргалтай болдог. Бас хамгийн анхныхаа хүргэлтийг нэлээн ээдрээтэй хийж байсан. Захиалагчийнхаа дугаарыг авахаа мартаад Нүхт рүү очсоныхоо дараа дугаарыг нь аваагүй гэдгээ санаад шөнийн 12 цаг өнгөрч байхад бараг 3 цаг хүлээж байгаад аав минь хүлээлгэж өгч байсан. Тэгээд бүгдээрээ инээдэм болоод түүнээс хойш захиалагчийнхаа дугаарыг хамгийн түрүүнд авдаг болсон. Бялуу хийхэд кейксээ түүхий болгочих вий гэж их санаа зовдог. Бялуу гэдэг чинь маш нарийн байх ёстой. Тэр ч утгаараа нарийн боов гэдэг. Орцноос нь нэг л грамм дутчих юм бол амжилтгүй болчихдог. Жигнэж байхад цонхоо нээчихвэл хөөлт нь уначихдаг тэр утгаараа бялуу хийхдээ айж эмээдэг” гэж хэлсэн юм.
Хүсэл мөрөөдлийнхөө тухай “Би мэргэжлээ сонгочихсон байгаа. Багаасаа эмч болохыг мөрөөддөг байсан. Энэ хоббигоо ямар ч байсан орхихгүй үргэлжлүүлээд явна. Би бас өөр мөрөөдөлтэй. Энэ бол зөвхөн миний хобби. Солонгост сурахыг хүсдэг тийм болохоор мөнгөө багаасаа цуглуулаад өөрийнхөө хэрэгцээнд зориулаад аав ээжээсээ аль болох мөнгө авахгүй байхыг боддог. Мөнгөө хуримтлуулж байгаад ирээдүйд бас аялахыг хүсдэг. Нас бол зүгээр л тоо. Жоохон хүүхэд гэхээрээ хийж болохгүй гэсэн юм байхгүй. Хүсвэл бүгдийг хийж чадна. Тиймээс хийхийг хүсэж байгаа зүйлээ оролдоод үзээрэй” гэж зорилгоо хуваалцаж, үеийнхэндээ зөвлөлөө.