Хоёр буюу түүнээс дээш хүмүүс хоорондоо мэдээлэл солилцохыг харилцаа гэж тодорхойлсон байдаг боловч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Харилцаа бол энгийнээр бүх хаалганд таардаг түлхүүр гэж тодорхойлж болно. Яагаад харилцаа бидний өдөр тутмын амьдралд чухал нөлөө үзүүлдэг. Бид хоорондоо харилцахдаа юун дээр анхаарах ёстой талаар харилцагчийн үйлчилгээ сургалт явуулдаг “Эцо Трэйнинг Консалтинг” ХХК гүйцэтгэх захирал У.Энхцогтоос тодрууллаа.
“Мэндлэхдээ үг, өгүүлбэрийн төгсгөлөө арай уртаар хэлээд эелдэг найрсаг байдлыг өөрийнхөө дуу хоолойны өнгөөр гаргаж өгөх юм бол цаад хүндээ мэндчилгээ арай илүү хүчтэй очдог гэсэн үг. Нүд рүү нь хараад инээмсэглээд мэндчилсэн хүний өөдөөс ямар ч хүн шууд уурлахгүй. Манай байгууллага харилцагчийн үйлчилгээний сургалт болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Хөл хорионы хугацаанд компаниа үүсгэн байгуулсан ч гэсэн нэлээн олон хувийн болон төрийн хэвшлийн компани, байгууллагуудтай хамтраад үйл ажиллагаа явуулсан байна. Би 2009 онд сургуулиа төгссөнөөс хойш 12 жилийн хугацаанд тасралтгүй харилцагчийн үйлчилгээний салбарт ажилласан байгаа. Unitel, Хаан банк гэх мэтчилэн байгууллагуудад хүнтэй нүүр тулсан харилцаанд өөрийн биеэр ажиллаад туршлага хуримтлуулсан. Үүнийхээ хажуугаар бас сургалт, үйлчилгээ үзүүлдэг байсан” гэлээ.
Тэрбээр харилцахдаа юун дээр анхаарах талаар дараах зөвлөгөөг өглөө.
- Та буруу хөл дээрээ босоогүй. Харин та өнөөдрийг инээмсэглэж эхлүүлсэн үү гэдгээ бодоорой.
- Юу хэлэх нь чухал боловч яаж хэлэх нь түүнээс илүү чухал. Тиймээс биеийн хэлэмж, дуу хоолойны өнгөндөө анхаар.
- Харилцагчдаа амласан зүйлдээ хүрдэг байхын тулд тэмдэглэл хөтөлж байгаарай.
- Хүнийг идэвхтэй сонсох нь ярьснаас илүүтэйгээр бусдыг татдаг.
- Хийж буй ажилдаа анхаарлаа бүрэн хандуулаарай. Учир нь хүний оюун санаа биеэсээ өөр газарт байж чаддаг.
- Заавал өрсөлдөгч байгууллагынхаа бүтээгдэхүүн үйлчилгээг мэддэг байх албагүй. Гэвч цаг үетэйгээ хөл нийлүүлж алхахын тулд зүгээр л сониуч байгаарай.
- Хэн нэгэнтэй найрсаг харилцаа эхлүүлмээр байвал бүү хүлээ. Та эхлээд инээмсэглэ, мэндэл.
- Аниулах мэдрэмжээс битгий ай. Тантай мэндлээгүй хүнтэй таарах бүртээ мэндлээд үз. Учир нь харилцаа халдварладаг. Тэгээд ч мэндлэх нь муу зүйл огт биш.
Хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэн гээд нийгмийн бүхий л хүрээнд харилцаа гэдэг чухал. Харилцагч, үйлчилгээний байгууллагад ажилласан туршлага судалгаа дээрээ үндэслэн өөрийн компанийг байгуулсан У.Энхцогт “Бид бүхэн өөрсдөө энэ салбарт ажиллаж байсан. Дээрээс нь сургалт судалгааны ажлаар тодорхой төвшинд мэргэшсэн учраас бусад байгууллагуудаас илүү давуу талыг олгож байгаа гэж харж байгаа. Сүүлийн үеийн залуусын ярьж байгаагаар аниулах мэдрэмжээс хүмүүс айгаад байдаг. Жишээлбэл өглөө ажилдаа ирээд “Өглөөний мэнд. Сайхан амарцгаасан уу? гэж асуухад хамт олон нь дуугарахгүй, тоохгүй байвал тухайн хүнд урамгүй, эвгүй санагдана. Дараагийн удаа эвгүй байдалд орж байхаар чимээгүй суугаад ажлаа хийчихье гээд ийм байдлаар байгууллага хамт олны нийгмийн харилцааг царцаадаг. Бид нэг нэгнээ сонсохоо больчихжээ. Би гэсэн эго нь илүү их давамгайлаад байгаа юм уу даа гэж л анзаараад байна. Бидний гол давуу тал бол онол практикийг хослуулсан байдлаар сургалтаа оруулахыг эрмэлздэг” гэж хэлсэн юм. Иймээс харилцааны сургалт нь хүмүүсийн мэддэг юм шиг хэрнээ анзаараагүй олон чухал зүйлсийг заадаг байна.