Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрээр "Авлигын индексийг бууруулахын тулд бид төрийн үйл ажиллагааг цахимжуулж, бүтцийг цэгцэлж, орон тоог бууруулахаар ажиллаж байна. Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сум дүүргийн, аймаг нийслэлийн газрын албанд очилгүй иргэд өөрийн газрын гэрчилгээг цахимаар авах боломжтой болно.
Цаашид газрыг гурван үндсэн чиглэлээр олгохоор бэлдэж байна.
- Жил бүр үнэгүй олгогдох 0.07 га газар цахимд ил болж, иргэд хүсэлтээ гаргадаг болно.
- 0.07 гагаас бусад бүх газрыг цахимаар дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ.
- Мөн төр өөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх газраа өөртөө олгоно.
Ирэх оны нэгдүгээр сард Трансперэнси интернейшнл байгууллагаас Монгол Улсын авлигын индекс гарна. Бид энэ онд 180 орноос 118-д жагссан. Үүнийг сайжруулах нь Засгийн газрын зорилго.
Авлигын индексийг сайжруулах нэг арга нь төрийн ажиллагааг цахимжуулах юм. Намрын чуулганаар цахимжуулахтай холбоотой дөрвөн хуулийг шийднэ. Төрийн байгууллагаас гаргадаг зөвшөөрөл, лицензийг цахимжуулахаар ажиллаж байна" гэв.
Мөн сэтгүүлчдийн асуултад хариулан "С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүнд ял оноогоод байсан. Ялтнуудын өмгөөлөгчдөөс эрүүдэн шүүсэн гэх гомдол гарч, гомдлын дагуу шалгаад эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдсон тул өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгосон.Үүний дагуу тухайн хүмүүс эрх чөлөөтэй байгаа. Шинээр үүссэн хэрэг дээр шинэ ажлын хэсэг ажиллаж байна.С.Зориг агсантай холбоотой гурван хэрэг Тагнуулын ерөнхий газар дээр мөрдөгдөж байна" хэмээв.
Мөн Оюу-Толгойн ажлын хэсгийн талаар "Оюу-Толгойн ажлын хэсэг долоо хоног бүр хэлэлцэж буй. Энэ хэлэлцээр урт хугацаанд явагдана. Үүнтэй холбоотой арбитрын маргаан Лондонгийн арбитрын шүүхэд бий. Монголын улсыг хариуцагчаар татсан. Хариуцагчаар Рио Тинтог татан оруулах хурал удахгүй болно" гэсэн мэдээллийг өглөө.