2019 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс баригдаж эхэлсэн "Мөсөн өргөө" өнөөдөр нээлтээ хийлээ. Канадын HDRJCEI, VDA зэрэг спортын барилга байгууламжийн зураг төслийн мэргэжлийн байгууллага, архитекторчдоос зөвлөгөө авч, Монголын Анаграмм компанийн залуус өргөөний зураг төслийг гаргасан юм. Мөсөн өргөөний ихэнх санхүүжилтийг "Ачит Ихт" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд гаргажээ. Өргөөг байгуулахад Монголын 95, гадаадын зургаан компани, нийт 1600 барилгачин, инженер техникийн ажилтнууд оролцсон байна.
Мөсөн өргөө нь огторгуйн ферм, ЗИП дээврийн систем, эвхэгддэг шал, хөргүүр, консол, агаар сэлгэлтийн инженерчлэл зэрэг шинэ технологийг Монголд анх удаа нэвтрүүлсэн бүтээл болжээ. 2500-2600 хүний суудалтай Мөсөн өргөө нь хоккей, уран гулгалт, шорттрейк зэрэг өвлийн спортын төдийгүй танхимын спортын тэмцээн уралдаан урлагийн тоглолт зохион байгуулах боломжтой.