БНХАУ-ын Лионгжианг болон Жилин, Ляонинг мужуудад эрчим хүчний дутагдал үүссэнээс хотын байшин барилга тэр тусмаа үйлдвэрүүд тог цахилгаангүй болоод байна. Энэ тухай мэдээллийг орон нутгийн ССТВ агентлаг мэдээллээ. Учир нь тус бүс нутгаар сүүлийн 7 хоног нүүрсний хомсдолд орж цахилгаан станцуудын хэвийн ажиллагаанд доголдол ГАРЧЭЭ. Мөн тус улс нь цахилгаан эрчим хүчний бодлогодоо өөрчлөлт оруулж нүүрстөрөгчийн ислийн хэмжээнд шинэ хэмжүүр тогтоосон нь ч нөлөөллөө гэж хэвлэлүүд бичиж байна.
БНХАУ-ын эрчим хүчний газраас энэ бүхэн түр зуурын асуудал гэж онцлоод удахгүй хэвийн горимдоо орно гэжээ. Тус мужуудын зарим хэсэгт одоо ч тоггүй байна. Машин замын дохионы гэрлүүд тоггүй болсны улмаас авто тээврийн хөдөлгөөнд мөн саад учруулж байна. Тус бүс нутагт иргэдийг аль болох тогны хэмжээгээ тааруулахыг уриалсаар байгаа юм. Мөн орон сууцнуудын тог тасарснаас болоод хүмүүс цахилгаан шатанд гацсан гэсэн дуудлага нэмэгджээ.
Олон улсын ажиглагчдын зүгээс эрчим хүчний энэ хямрал нь өнгөрсөн жилээс улбаатай болохыг онцолж байна. Пандемикийн үеийн тээвэр логистикийн асуудлууд ч гэсэн энэ үйл явдалд нөлөөлсөн болохыг онцолж байна. Тус бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг томоохон үйлдвэрүүд ажилчдаа тарааж 3-4 хоног ажиллахгүй болсон байна. Дэлхийн хамгийн их нүүрс ашигладаг
БНХАУ-ын хувьд 2030 онд бүрэн карбон эрчим хүчний горимд шилжих зорилго тавин ажиллаж байгаа юм. БНХАУ 2021 он гэхэд нэг хүнд ногдох суурилагдсан хүчин чадлыг 1,4 кВт, хэрэглээг жилийн 5140 кВт.ц орчим байхаар тус тус төлөвлөжээ. Уг үзүүлэлтүүдийг эдийн засаг болоод нийгмийн хөгжилд нөлөөлж буй эрчим хүчний хомсдолоос зайлсхийхийн тулд нийт эрчим хүчний эрэлт нийлүүлэлтийг 2021 оноор тооцож Улсын хөгжил, шинэтгэлийн хорооноос боловсруулж байсан. Гэсэн хэдий ч одоогоор хараахан энэ үзүүлэлтүүдээ 100 хувь хангаж чадаагүй байгаа юм.
Эх сурвалж: CNN