Цахим орчин дахь мөрийтэй тоглоом хязгаараас давж хүмүүс байр, машин эд хөрөнгөө тавьж, найз нөхдөөсөө мөнгө зээлж эхнээсээ цагдаа, шүүхийн хаалга татаж байна. Сүүлийн үед цахим орчинд хүмүүсийн анхаарлыг татаж, их хэмжээний хохирол учруулаад буй цахим мөрийтэй тоглоомны талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Серверээс утсаар болон компьютероор тоглож байгаа хүмүүсийн хэнийг нь хожигдуулж, хэнийг нь хожих вэ гэдгийг тоглоом зохион байгуулагчид удирдаж байдаг. Өөрөөр хэлбэл та азаа үзэж тоглох биш мөрийтэй тоглоом нэрийн дор бусдад залилуулж байгаа юм.
Жишээлбэл Б гэгч хүн цахим тоглоомоос 9000 төгрөг хожлоо гэхэд энэ мөнгийг авахгүй. 10 хувийг нь тоглоом зохион байгуулж буй хүмүүс аваад энэ хүн 8100 төгрөгийг нэг удаагийн хожилтоороо хожиж байна гэсэн үг. Админ хэнд ямар мод байгааг нь харах боломжтой.
Царим мөрийтэй тоглоомын хохирогч Г “Одоо тоглоод бараг гурван жил гаруй болж байна. Хүмүүсийг харж байгаад л сонирхоод тоглож эхэлсэн. Одоо залуучууд ихэнх нь энэ “Bet” гээд юманд орчихсон байгаа. Янз янзын сайтууд байгаа. 365bet Linebet, 1xbet гэх мэт. Миний хувьд Bet биш Slot-ийг түлхүү тоглодог. Дотроо янз бүр байдаг. Спорт бооцоо, покер, казино, baccarаt гэх мэт. Bet гэдэг нь дэлхийн том багууд дээр бооцоо тавьж болно. Монголын багийн тоглолт ч явж л байдаг. Харин слот гэдэг нь казино. Казиногийн зарчмаар явна гэсэн үг. Найз нөхөд тоглоод байхаар өөрийн мэдэлгүй орчихдог юм билээ. Үүнээс мөнгө хожиж болмоор санагдаад тоглож үзсэн л дээ. Алдсан ч юм бий авсан ч удаа бий” гэлээ.
Хэрхэн цэнэглэлт хийж тоглодог тухай асуухад тэрбээр “Эхлээд хаан банк, голомт банкаар цэнэглэж болдог байсан. Одоо больсон. Агент гэх нэртэй хүмүүсээр цэнэглүүлнэ. Агентын данс руу мөнгө хийнэ. Агент миний тоглоомын хаяг руу цэнэглэлт хийдэг. Оросын сайт л гэж ярьдаг юм билээ. Яг нарийн ширийн сайн бол мэдэхгүй байна. Гурван жилийн хугацаанд аваад гаргаад л яг тэд гэж тооцох аргагүй. Банкны гүйлгээний хуулгаа харахаар сард 20 сая болсон байдаг” гэв.
2020 оны байдлаар цагдаа нар 180 орчим вэб хуудас, сайт, хаягуудыг илрүүлж нийт найман газрын үйл ажиллагааг шалгуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагч Б “Тоглогч нараа татахын тулд тодорхой хэмжээнд хожуулаад нэг удаагийн цэнэглэлтийг өсгөх зэргээр урамшуулдаг. Тэгэхээр хүмүүс дараагийн удаа цэнэглэх мөнгөн дүнгээ нэмдэг. Нэг секундэд 9, 10 гүйлгээ орж ирэхээр зарим нь хаягддаг. Тэгээд миний цэнэглэлт орж ирэхгүй байна гэхээр нь автомат цэнэглэлт гэж байдаг. Банкны хуулгаар нь тоглоом руугаа оруулдаг. Өдөрт ойролцоогоор 100 гаруй хүн тоглодог” гэж бидэнд хэлсэн юм.
“Больж чадахгүй юм билээ. Энэ нь үнэхээр хэцүү. Алдсан мөнгө төгрөг, цаг хугацаа бүх юм бодогдоод их хэцүү. Одоохондоо зан араншинд мэдэгдэх хэмжээний өөрчлөлт ороогүй ч мэдээж алдсан үедээ уурлах, бухимдах үе гардаг. Хожих хүсэл улам шуналтуулдаг бол алдвал алдсанаа олж авах гээд л болих гэхээр их хэцүү байдаг. Тоглож байх хугацаандаа хэдэн ч удаа болъё гэж бодсон юм бүү мэд. Одоо хүртэл тоглохоо зогсоож чадахгүй л байна. Найз нөхөд бүгд тоглоод л бие биенийгээ их уруу татдаг. Сая тав хоногт би 30 сая төгрөг алдсан. Эхлээд 8,5 саяыг алдаад дараа нь алдсанаа олж авна гээд машинаа 26 саяар тавиад бүгдэнгээр нь тоглоод алдсан. Ер нь анзаараад байхад хожиж байгаа хүн тун цөөхөн. Ажлын газрын дүү спорт “Bet”-ээр 13 сая алдаад төлж чадахгүй шүүх цагдаа болоод явж байна. Найзаасаа мөнгө зээлээд тоглочихсон тэгээд төлж чадахгүй найз нь цагдаад өгчихсөн. Бага сагаар төлөөд л явж байгаа сураг байсан. Яг ажиллуулж байгаа хүмүүст нь яаж хариуцлага тооцдог талаар сайн мэдэхгүй байна” гэж цахим мөрийтэй тоглоомын хохирогч Г ярилаа.
“Тоглоомд донтохыг 2013 оноос сэтгэцийн эмгэг рүү оруулдаг болсон. Нэг үгээр тоглоомон донтож эхлээд эмгэгтэй болоод эхэлж байгаа юм. Тоглоомоо тоглохгүй болохоор тайван байж чадахгүй ааш гаргана, авирлана. Хамгийн түрүүнд гэр бүлийнхэндээ ааш авираа гаргаж эхэлдэг. Эдийн засгийн хохирогчид нь ч гэр бүлийнхэн нь болдог” гэж Монголын сэтгэл зүй, сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэнгийн УЗ-ийн дарга, зөвлөх сэтгэл зүйч Б.Жавхлан хэллээ.
Өмнө нь зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг байсан бол одоо эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг болсон. Албадан ажил хийлгэх, мөнгөн торгууль оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял гэсэн дөрвөн төрлийн ял шийтгэл үйлдсэн хэргээс нь хамааруулж оноодог байна.