Жил бүрийн намар орон нутгаас оюутнууд ирж, хичээл сургууль ЭХЛЭХТЭЙ холбоотойгоор нийслэлд байрны түрээсийн үнэ тодорхой хэмжээгээр өсдөг. Энэ жилийн тухайд байрны үнэ өмнөх жилүүдээс хэд дахин нэмэгдсэн талаар иргэд цахим орчинд бухимдан бичицгээж байна. Тухайлбал, хажуу өрөөний нэг сарын төлбөр өмнө нь 200-250 мянган төгрөг байсан бол өнөөдөр 400 мянган төгрөг болж, нэмэгджээ.
Өвлийн хүйтэн хаяанд ирж байгаа энэ цагт нярай хүүхэдтэй байр хайж байгаа эмэгтэйтэй хэсэг хором ярилцсан юм. Тэрбээр, “Байр түрээслэхээр хайж байгаа боловч түрээслүүлэх боломжтой байр байхгүй байна. Ихэнх нь 6+1 буюу зургаан сарын түрээс дээр нэг сарын барьцаа өгөх эсвэл бүтэн жилээр төлбөрөө авна гэдэг. Бөөнөөр нь өгөх боломжтой хүмүүс түрээсийн байр хайгаад явахгүй нь лавтай. Одоогийн зах зээлд нэг өрөө байрны үнэ 800мянгаас дээш байна. Урд нь 400 мянгад м.кв том нэг өрөө байр олддог байсан. Би нялх хүүхэдтэй гэртээ хүүхдээ хардаг. Нөхрийнхөө цалингаар л амьдралаа залгуулдаг. Зөвхөн байрны түрээсэнд 800 мянга өгөхөд хүндрэлтэй байдаг. Байрны түрээс, барааны үнэ өслөө гээд компаниуд ажилтнуудынхаа цалинг тэр хэрээр нь нэмэх боломжгүй шүү дээ.
Байр түрээслэгчдийн дийлэнх нь залуу гэр бүл, орон нутгаас нийслэлд суралцахаар ирсэн оюутан, залуус, ганц бие хүмүүс байх нь бий. Тэдний төлөөлөл болсон залуугаас байрны үнэ ханшийн талаар тодруулахад “Зуучлагч компаниуд үнийн хөөрөгдөл үүсгэж байна. Байр зарахад нэр бүхий жуулчлалын компани үндсэн үнээс 20 сая төгрөг нэмээд зарж байхыг нүдээрээ харсан. Дунджаар хоёр өрөө байр түрээслэхэд 1 сая 200 мянга гэж байна. Түүнчлэн төлбөрөө 6 сараас дээш авна гэсэн шаардлага тавьдаг. Урд нь төлбөрөө сар сард нь аваад, үнэ нь 700 мянга орчим болдог байсан” хэмээв.
Мөн цахим орчинд иргэд бухимдсан постууд оруулсаар байна.
ИРГЭН
“1 өрөө байрны түрээсийн үнэ ямар үндэслэлээр өсөөд байна. Түрээсэлж байгаа хүн мэдээж санхүүгийн хувьд хязгаарлагдмал хүмүүс байгаа нь ойлгомжтой. Гэтэл эсрэгээрээ баян хүнд түрээслэх гэж байгаа юм шиг тэнгэрийн үнэ, барьцаа бичих юм. Одоогийн цаг үеийн байдал, санхүүгийн хүндрэлтэй орчинд амьдарч байж яаж сэтгэхээрээ дурын тоогоо бичдэг байна. Түрээслэн суух гэж байгаа хүмүүс нэгдэж түрээслэхгүй 10 хоног ямар ч зар луу залгахгүй байхад байдал өөр болох болов уу. Нэгдээрэй залуусаа”
ИРГЭН
“Энэ байр түрээс шуналтай хүмүүсийн бизнес болсон юм биш үү? Хэлэхгүй дуугүй байя гэсэн ч арай л биш! 40 м.вк нэг өрөө байр 600 мянга гэж байгаа мөртлөө 6 сар, 1 жилээр төлбөр авна гэнэ. Нэгэнт л 1 сарын барьцаа нэмэлтээр авч байгаа бол тэр жижиг сажиг хохирлыг тэндээс л шийдэх гэж барьцаа авч байгаа биз дээ? Сүүлдээ хажуу өрөө 400 мянга гэсэн зар ч явж байна. Европын баяжсан оронд еврогоор цалин аваад амьдардаг улсад байгаа биш? Хөрсөндөө буумаар байна! Ямар хөлдүү сэтгэлгээтэй юм бэ? Би ч гэсэн 2 өрөө байр түрээслүүлж л байсан сар сардаа аваад болдог л энгийн зүйл. Энэ Үнэгүй.мн зар оруулж байгаа түрээслүүлэгчдэд жоохон шүүлтүүр тавьж, хөрсөндөө, зах зээлдээ тохирсон юм хийхгүй бол тэр сайтаар хэн ч шагайхгүй болно. Бие биенээ дагаад хөөрөгдөж дэвж, дэлдэхээ болино уу? Байрыг чинь түрээслээд буулгаж тавиад дэлбэлэх гэж байгаа биш. Далимдуулж мөнгө олох гэсэн сонирхолтой юм бэ? Ямар ч хүн өөрийнхөө амьдарч байгаа газар цэвэрхэн, ая тухтай, эвтэйхэн л амьдраад явна. Хэдэн адуу мал, сармагчинд түрээслээд дараа нь хохирох гэж байгаа мэт дүр эсгэж бөөндөж мөнгө авна гэдгээ болино уу! Гадаадад байр орон түрээслээд зөндөө л амьдарч үзсэн. Хэзээ ч хаана ч 6 сарын түрээс гэж байсан зарын сайт, түрээслүүлэгч харж байгаагүй. Дэлхий дээр байхгүй зан гаргах юм. Түр хугацаанд байр түрээслэх хэрэгцээ олон залууст гарч байгаа. Гэтэл лизинг хийх хэмжээний мөнгө нэхэж байна. Эдийн засгийн ийм нөхцөлд байж. Үүний оронд байрны урьдчилгаанд орсон нь дээр биз” гэх мэтээр түрээсийн байрны үнэ өссөнд бухимдсан иргэд олон.
Сүүлийн хоёр жил цар тахлаас үүдэн хүмүүс хөл хорионд орж зарим айл өрх орлогогүй болсон бол заримынх нь орлого буурсан. Харин манай улсын хил хаагдаж, бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн зэрэг олон хүчин зүйлээс улбаалж, БАРАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ үнэ нэмэгдэж, инфляци өссөн. Такси, шатахуун, байрны түрээс, өндөгний үнэ гээд нэмэгдээгүй зүйл Монголд үлдсэнгүй. Харин дагаад барааны үнэ өсчихлөө, түрээсийн байрны үнэ нэмэгдчихлээ гээд цалинг нь нэмэх боломж цар тахлыг арай ядан давсан компаниудад ч байхгүй, эмч нарынхаа цалинг нэмэх мөнгөгүй гэх төрийн байгууллагуудад ч байхгүй. Өөрөөр хэлбэл иргэд идэх хоол, өмсөх хувцас зэрэг байж болох хэрэглээ бүрээ танаж, амьдрах биш амь зуусаар байна.