УИХ-ын Тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Эхний хэлэлцүүлгийг “Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” сэдвээр есдүгээр сарын 30-ны өдөр 9:00 цагаас Төрийн ордны хуралдааны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.
Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэлнэ. УИХ-ын холбогдох Байнгын хороодын дарга, гишүүд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Азийн сангийн төлөөлөл, Монгол Улсын Их сургууль, Япон Улсын зарим Их сургуулийн эрдэмтэн судлаачид, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд оролцох юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид
- Боловсролын багц хуулийн төслүүд болон Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулга,
- Япон улсын боловсролын тогтолцоо ба шинэчлэл,
- Монгол, Японы боловсролын шинэчлэлийн харьцуулалт: ижилсэл, ялгаа, Ёс суртахуун ба ёс зүйн боловсрол, хичээлээс гадуурх хүн төлөвшлийн боловсролын талаарх Японы туршлага,
- Монгол Улс дахь ёс суртахууны боловсрол, түүний хэрэгжилтийн тухай эрдэмтэн судлаачдын илтгэлийг сонсож, хуулийн төслүүдийн үзэл баримтлал, боловсролын шинэчлэл, хүмүүнлэг боловсролын асуудлаар санал бодлоо хуваалцана хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.