“Токио-2020” паралимпээс Гавьяат тамирчин Э.Содномпилжээ алт, олимпын наадмаас Саид Моллаеи мөнгө, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нар хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан билээ.
Тэгвэл өнөөдөр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц “Токио-2020”-ийн медальтнуудыг өнөөдөр 11.30 цагт хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтад Токио-2020 паралимпын наадмын алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, Токио-2020 олимпын наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин С.Моллай, Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар нар оролцлоо. Токио-2020 Олимпын наадмын хүрэл медальт, Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяагийн хувьд ДАШТ-д оролцохоор Норвегийн Осло хотыг зорьсон тул эзгүй байлаа.
Уулзалтын үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц “Гурван жилийн дараа болох Парис-2024 зуны олимпын наадмын бэлтгэл ажилд БТСУХ спорт холбоодоо дэмжин ажиллаж, хамтдаа Монгол Улсын Төрийн дууллыг олимпын тэнгэрт олон удаа эгшиглүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе” гэж онцоллоо.
Гэрэл зургийг Э.Харцага