БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин орон даяар нохойн мах идэхгүй байх тухай захирамж гаргахаар ажиллаж байгаа талаар Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
Өмнөд Солонгосын хоолны соёлд нохойн махыг олон зууны туршид өргөн хэрэглэж ирсэн ба тус улсад жилд дунджаар нэг сая нохойг хүнсний махны зориулалтаар нядалдаг байна. Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар нохойг махны зориулалтаар нядалж, нохойн махыг хоол хүнсэндээ ашиглах нь амьтны эрхэд нийцэхгүй гэжээ. Нэгэнт тогтсон уламжлалыг шууд үгүйсгэх боломжгүй ч иргэдэд тэр тусмаа залуучуудад нохой бол хүний үнэнч нөхөр гэдгийг сурталчлах компанит ажлыг эрчимжүүлэх ёстойг онцолжээ. Хамгийн сүүлд тус улс 2018 онд нийтийн хоолны газруудад нохойн махаар хоол хийж худалдаалахыг хуулиар хориглосон. Гэсэн хэдий ч иргэд нь гэрийн нөхцөлд нохойн махан хоол идсээр байгаа юм байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин өөрөө нохойд хайртай нэгэн, олон нохой тэжээдэг байна.
Эх сурвалж: The Guardian