Гурван нас хүрч байгаа ч алдхан биедээ ахадсан өвчин шаналалтай Б.Төгсбуян хүүгийн ээж манай редакцад хандлаа. Учир нь түүний хүү Б.Төгсбуян 2018 онд төрөхдөө зүрхний дөрвөлсөн гажиг хэмээх оноштой төрж, өнөөдрийг хүртэл хүндхэн байдалтай байнгын асаргаанд байна. Хүүгээ эрүүл саруул болгоход яаралтай БНСУ руу зүрхний хагалгаанд оруулах шаардлагатай байгаа учраас хандивын аян өрнүүлж гэр бүлээ элэг бүтэн авч үлдэхээр элэг нэгт ахан дүүсээсээ ийнхүү хандивын гараа сунгахыг хүслээ.
Б.Төгсбуян хүүгийн ээж Д.Намуун: Намайг Д.Намуун гэдэг. 34 настай, дөрвөн хүүхэдтэй. Дунд хүү маань 2018 оны долоодугаар сарын 25-нд төрсөн. Төрөөд 28 хоногтой байхдаа зүрхний дөрвөлсөн гажиг буюу тетрадафаль онош гарсан. Гурван жилийн хугацаанд биеийн байдал нь муу байсан. Бусад хүүхдийг бодвол хөгжил дутуу. Одоо болтол хэлд ороогүй. Хоёр ой гарантай байхдаа хөлд орсон. Одоо байнга зүрхний эм, хавангийн эм уудаг. Бид хүүхдээ үргэлж ингэж зовоод эм уугаад байхыг харахыг хүсэхгүй байна. Тиймээс бид хүүгээ яаралтай хагалгаанд оруулья гэж шийдсэн. Эх нялхсын зүрх судасны тасагт хяналтад байнга байдаг. Тавдугаар сард Сонгдо эмнэлгийн Б.Болдсайхан эмчид үзүүлсэн. Б.Болдсайхан эмч “Яаралтай Солонгос руу яваа, ийм зүрхтэй хүүхэд яаж амьдраад байгаа юм бэ” гэж хэлсэн. Бид долоодугаар сард таван эмнэлэг рүү оношоо явуулсан. Таван эмнэлгээс хариу ирсэн. “Яаралтай хурдан ир, хагалгаа хийх боломжтой” Хагалгааг маш сайн хийчих юм бол бүрэн засагддаг гэж хэлсэн. Тийм учраас бид хандивын ажлаа эхлүүлээд хүмүүстээ мэдээлэл өгөөд байж байгаа. Эмчилгээ нь 250-280 сая төгрөгийн зардалтай. Их асаргаа шаарддаг. Гэдэс нь үргэлж цэрдийдэг, хавангийн эмээ уухгүй л бол өглөө нь нүд нь дов болтлоо хавагнаад хүрээд ирдэг.
Гурван жил байнга эм уусаар байгаад одоо бүр эмнээсээ өөрөө залхаж эм харахаараа л зугтаагаад л байгаа. Энэ байдлыг хараад байх хэцүү байна. Миний хүү доороо хоёр дүүтэй. Нэг нь хоёр настай, нөгөөх нь гурван сартай. Аав нь хүүгээ хагалгаанд нь авч явна. Хүүгээ л ямар ч байсан хагалгаанд нь хурдан оруулаад, хүүгээ эрүүл саруул болгоод, үе тэнгийнх нь хүүхдүүдтэй сайхан инээж наргиж явахыг хараад элэг бүтэн амьдралыг хүсэж байна.
Хандиваа наймдугаар сарын 20-оос эхлүүлсэн. Одоогоор 7 сая 800 мянган төгрөгийн хандив цугласан. Тусалж байгаа маш сайхан сэтгэлтэй олон хүн байгаа. Өшөө олон хүн хүүд минь туслаасай, хүүд минь амьдрах боломжийг бий болгож өгөөч ээ гэж манай гэр бүлийн зүгээс чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэ мэдээг үзэж байгаа хүн болгонд хамгийн сайхан ерөөлийг та бүхэнд хүсье.
ХААН БАНК: 5003824145 Д.НАМУУН
ХОЛБОО БАРИХ ДУГААР: ЭЭЖ Д.НАМУУН 89066174