Цөлжилтөөс урьдчилан сэргийлж, ой моджуулах үйлсэд хувь нэмрээ оруулан, хойч үедээ экологийн боловсрол олгох зорилгоор Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны Агро парк цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж бий болгоход туслан “Бурханы сүм”-ийн залуучууд 500 мод тарилаа.
Дэлхий даяар ой хээрийн түймэр, хэт халалт, үер, ган гачиг зэрэг байгалийн гамшиг нүүрлээд байгаа. Монголд ч гэсэн ган гачиг, цөлжилт аюултай түвшинд хүрээд байгааг Ийм үед Засгийн газар болон орон нутгийн засаг захиргааны зүгээс ч цаг уурын өөрчлөлттэй тэмцэх төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь Баянгол дүүргээс нийт 50,000 м2 талбайтай Агро паркыг байгаль орчны ач холбогдлыг оюутан залуучууд болон иргэдэд ойлгуулах зорилгоор экологийн сургууль болгон ашиглаж байгаа юм. Ирээдүйд Баянгол дүүрэгт хотын ногоон байгууламж байгуулах хамгийн чухал талбар болгохын төлөө Агро паркыг моджуулах төсөлд дүүргийнхээ олон байгууллагад оролцох хүсэлт тавьсан байна. Энэ хүсэлтийг хүлээн авч “Бурханы сүм”-ийн 80 гаруй залуу өөрсдийн хөрөнгөөр 500 хайлаас мод тарьж, бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ орууллаа.
Тус арга хэмжээний үеэр Баянгол Агро парк орон нутгийн өмч төсөвт үйлдвэрийн газрын ойн инженер Н.Баярцогзол “Бурханы сүмийн хамт олон амралтын өдрөө мод тарих ажилд зориуллаа. Цаашдаа ч бас ийм сайн үйлсийн аян өрнүүлж байгаасай гэж хүсч байна. Модны арчилгаа усалгаа гээд олон ажлууд байгаа. Та бүхний тарьсан модыг сайтар арчилж, сайн ургуулах болно” хэмээн ярилаа.
Техникийн ухааны доктор, дэд профессор Д.Энхжаргал “Моджуулах энэ сайхан ажилд би өөрийн биеэр хамт оролцлоо. Манай Ерөнхийлөгч НҮБ-ын 76-р чуулга уулзалт дээр тэрбум мод тарина гэсэн сайхан санал санаачлага гаргасан. Үүнтэй ч бас бидний хийж байгаа ажил уялдаж байгаад таатай байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шорооны нүүдэл ихээр нүүрлэж байгаа болохоор бидний энэ хийж байгаа ажил хувь нэмэр болох байх гэж бодож байна. Модыг тарихаас гадна услах, арчлах ажил чухал байдаг. Бүгдээрээ мод тарьцгаая, тарьсан модоо арчилцгаая” хэмээн уриаллаа.
Аяны оролцогч Г.Гантуяа “Өнөөдөр энэхүү мод тарих үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Манай улсад жил ирэх тусам машины тоо ихэсч, агаарын бохирдол ихээр нэмэгдэж байгаа учир бидний амьсгалах хүчилтөрөгч багасч байна. Өнөөдөр мод тарьж байгаа маань хүчилтөрөгч, амьсгалах агаар бэлэглэж байгаа гэж бодохоор маш их баяртай байна. Залуучууддаа уриалж хэлэхэд бүгдээрээ мод тарьцгаая, хүн бүр нэг мод тарихад маш олон мод тарих боломжтой болно шүү” гэв.