Өнөөдөр 11:40 цагт Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ олимпоос медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч уулзахаар болжээ. Өмнө нь уулзах тов гаргаад байсан ч цар тахлын улмаас хойшлуулаад байсан юм.
“Токио-2020” олимпын наадмаас Саид Моллаеи мөнгөн медаль, М.Уранцэцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нар хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн билээ.
Олимпоос мөнгөн медаль хүртсэн Саид Моллаейд 60 сая төгрөг, гавьяат тамирчин цол, хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин М.Уранцэцэгт 30 сая төгрөг, Хөдөлмөрийн баатар цол, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт мөн 30 сая төгрөг, гавьяат тамирчин цол тус тус хүртээнэ.
Дасгалжуулагчдад нь тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно. Үүний дагуу жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, М.Бундмаа болон чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга нар мөнгөн шагнал хүртэх талаар албаныхан мэдээлсэн.
Нийт 225 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг дээрх хүмүүст олгоно.