Харийнхны тухай олон янзын баримтуудыг кино зохиол, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс л харж байснаас биш шинжлэх ухааны талаас нь одоог хүртэл бүрэн судалж таниагүй. Тэгвэл Их Британийн Кеелегийн сансар судлалын одон оронч, сансрын физикч Жакко Лүүн энэ тухай "TheGuardian" сэтгүүлд өөрийн судалгааны ажлын тухай ярилцлага өгчээ.
Энэ талаар Жакко Лүүн "Олон жилийн уйгагүй судалгааны үндсэн дээр эрдэмтэд удахгүй харийнхантай холбоо тогтоох боломжтой гэжээ. Мөн Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэд сансар огторгуйд амьдрах боломжтой хэд хэдэн гарагийг ирэх гурван жилд нээн илрүүлэх болно" гэж хэлжээ.
Мөн тэрбээр ярилцлагадаа "Одод хоорондох зайд амьдрал байж болзошгүй, судлагдаагүй гарагууд их байгаа" гэдгийг онцоллоо. Энэ үзэгдлийг эрдэмтэд Ферми Парадокс гэж нэрлэдэг. Яагаад Ферми гэж нэрлэдэг вэ гэвэл алдартай одон орон физикчийн өөрийнх нь нэрээр нэрлэсэн юм. Түүний онолоор дэлхийгээс амьд харийн биетүүдийг илрүүлэх боломжгүй ч тэдэнд сигнал өгч болно. Үүний тулд асар хүчтэй гэрлийг гарган түүнтэйгээ хамт радио сигнал явуулахад хангалттай гэжээ. Энэ туршилтыг дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хэд хэдэн удаа хийсэн ч ямар нэгэн хариу одоо хүртэл авч байгаагүй юм.
Одон орны Физикч Жакко Лүүн "Гэхдээ орчин үеийн технологийн тусламжтайгаар туршилтыг илүү боловсронгуй түвшинд хийж болно. Радио сигналыг хэрхэн өгөх талаар судалгааны ажил хийгдэж, дуусах шатандаа явж байна. Магадгүй харийнхан биднийг ажиглаад сууж байгаа. Ингэж ажиглах явцдаа биднийг удаан оршин тогтнохгүй гэдэг бодолтой яваа байх" гэж хэлжээ.