Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртэлх эмэгтэй чансааг Монгол улс тэргүүлж эхэлсэн мэдээг бид өмнө нь мэдээлсэн. Ази, Африкийн бүсийн FIBA 3×3 U23 Nations League-ийн зургаан цуврал тэмцээнд өрсөлдсөн 3х3 U23 Монголын үндэсний шигшээ багийн сагсан бөмбөгийн тамирчид эх орондоо ирлээ.
Тэмцээнд оролцсон нийт 26 орноос манай баг Румын улсын Бухарест хотод болсон FIBA 3×3 Nations League-ийн Финалын шилдэг найман багийн нэгээр шалгарч зургадугаар байранд орлоо. Финалын тэмцээнд Ази тивээс шалгарч, тивээ төлөөлөн орсон цор ганц баг нь Монголын U23 эмэгтэй шигшээ баг байлаа.
FIBA3X3 шинэчилсэн чансаагаар Монгол улс дэлхийн холбооны дөрвөн жилийн тайлангийн хурлаар 3х3 төрөл сагсан бөмбөгийг хамгийн хурдан хөгжүүлсэн гэх цомыг хүртлээ. Энэ талаар сагсан бөмбөгийн 3х3, шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч С.Тулга “Олон олон хүний хөдөлмөр үнэ цэнтэй цом юм. Бид бүгдийг дэмждэг бүх хүмүүстээ баярладаг шүү. Нийт сагсанд хайртай, дуртай Монголчууддаа маш их баярлалаа. Үргэлж хамтдаа байгаарай. Монгол улс нэг юмаараа ч гэсэн 1-р байранд орж байна” гэж сошиал хаягаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийлжээ.