Улсын хэмжээнд есдүгээр сарын 17-ны байдлаар цар тахлын улмаас танхимын сургалтаас цахимд шилжсэн ерөнхий боловсролын 227 сургууль байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт 1343 бүлгийн 36 мянга 399 сурагч цахимаар хичээллэж байгаа юм. Тэдгээрийн 60 сургууль, 165 бүлэг 4831 суралцагч нийслэлд байгаа гэсэн статистикийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргажээ. Мөн өнгөрсөн долоо хоногийн байдлаар нэгдүгээр хавьтал болсон 28 мянга 23 суралцагч, 1885 багш гэрийн тусгаарлалтад шилжиж, хичээл сургалтаа зайнаас удирдан чиглүүлж буй.
Одоо танхимын сургалтыг бүрэн цахимд шилжүүлэх хүсэлт гаргасан 320 сургуулийн 22 мянга 449 сурагч байна. Гэхдээ яамнаас 100 хувь цахимд шилжүүлсэн эсэх талаарх мэдээллийг Баасан гарагт өгөх боломжтой гэлээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн мэдээллээр багш болон 12-оос дээш настай сурагчдын 90 гаруй хувь дархлаажуулалтад хамрагджээ. Танхимын сургалтын үед цэцэрлэг, сургуульд Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний баг ажиллаж, тухайн сургалтын байгууллагын онцгой комиссын үүргийг гүйцэтгэн ажиллаж байгааг салбар яамнаас мэдээлсэн.
Дараах тохиолдолд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлж байна. Үүнд:
- Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэдтэй нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдах нөхцөлд тухайн бүлгийн,
- Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан 12 ба түүнээс дээш насны хүүхэдтэй нэг бүлгийн гурав ба түүнээс дээш хүүхэд халдвар авсан тохиолдолд тухайн бүлгийн,
- Өөр хоорондоо хамааралгүй гурав болон түүнээс дээш анги, бүлэгт халдвар бүртгэгдсэн тохиолдолд тухайн давхар, хэсэг (жигүүр) эсхүл хичээлийн байранд (өвчлөл гарсан анги, бүлгийн байршил болон хичээлийн байраас хамаарч корпусыг хаах) хичээллэж байгаа анги бүлгийн,
- Өөр хоорондоо хамааралгүй (нэг жигүүр, нэг давхар биш, анги болон багш солигддоггүй) гурав ба түүнээс дээш анги, бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд сургуулийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлж буй юм байна.