Баянзүх дүүргийн шүүх Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийг таван өдрийн турш хэлэлцэж, тэднийг гэм буруутайд тооцжээ. Улмаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлбөр барагдуулах тав хоногийн завсарлага авч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг аравдугаар сарын 1-ний 14:00 цагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Д.Гүрсоронз нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав дахь заалт (Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно),
- 3.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан (Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн)-ыг тус тус журамласан байна.
Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн 3.1 дэх заалтад (Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан) заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянасан.
Улмаар гэм буруугийн шүүх хуралдаан 2021 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 09.00 цагт эхэлсэн юм.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар