Олон улсын дохионы хэлтнүүдийн өдрийг тохиолдуулан “Өөдлөн дэвжсэн сонсголгүй иргэдээ алдаршуулъя” уриатайгаар болж байгаа. Жил болгоны сүүлийн долоон хоног сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Сонсголгүй иргэдэд тулгардаг асуудал, нийгмийн хандлагын талаар Сонсголгүйн боловсрол ТББ-ын тэргүүн А.Баасанжав болон дохионы хэлмэрч, орчуулагч нартай ярилцлаа.
Сонсголгүйн боловсрол ТББ-ын тэргүүн А.Баасанжав:
“Сонсголгүй иргэд нийгмийн амьдралд оролцоход сэтгэл хангалуун байдаггүй. Наад зах нь мэдээллийн хүртээмж, зар самбарт хадмал орчуулга, дохионы хэлмэрч байдаггүй. Иймээс ямар ч мэдээлэл авч чаддаггүй. Түрүү нь хэлсэнчлэн хэлмэрч байхгүй учир хүндрэлтэй байдаг. Сонсголгүй иргэд ажлын байранд орохын тулд хөдөлмөрийн гэрээ, дүрмээ унших шаардлагатай. Гэвч бичгийн хэлний чадвар тааруу, дохионы хэлний хэлмэрч байхгүйгээс үүдээд гэрээгээ ойлгохгүй шууд л гарын үсгээ зурдаг. Өдөр тутамд бичигдсэн байгаа гэрээтэй холбоотой асуудал гарч ирдэг. Тиймээс маш харамсалтай байдаг. Мэдээллээр хангах ёстой төрийн бүх шатны байгууллагууд хангалттай бус байна. Бүх л сонсголгүй иргэд сэтгэл хангалуун байдаггүй”
Дохионы хэлмэрч М.Сарантуяа:
“Хүний байгалиас заяасан авьяас, сонирхол, ур чадвар янз бүр байдаг. Тухайн нь хүмүүс хүнтэй харьцаж, өөрийгөө илэрхийлэх нь өөр. Хэдийгээр орчуулга хийхэд биеийн хувьд хэцүү байдаг ч дараа нь хүнд тустай ажил хийгээд , санаа бодлыг нь илэрхийлээд өгчихлөө гэсэн дээ сэтгэл хангалуун байдаг”
Дохионы хэлмэрч С.Баасандэлгэр
“Энэхүү ажлын хамгийн сайхан баяр жаргалтай мөчүүд нь хоёр өөр ертөнцийн гүүр болоод, хэлэх гэж байгааг үгийн хүнд ойлгуулж байгаа нь юм. Үүндээ баяртай байдаг”
Дохионы хэлмэрч Г.Ананд:
“Монголд дохионы хэлийг Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо ТББ болон Сонсголгүйн боловсрол ТББ сонсголгүй багшаар заалгадаг. Жил бүр бүртгэл явуулдаг. Одоогоор элсэлт аваагүй байна”
Дохионы хэлмэрч Г.Хүслэн:
“Өдөр тутмын амьдрал нь дохионы хэлмэрчгүй явах боломжгүй. Нийгэмд оролцоход хүндрэлтэй. Наад зах нь хурал, зөвлөгөөнд суух, ажил дээр даргаас нь даалгавар ирэхэд юу ч ойлгодоггүй. Хэлмэрчийн хүртээмж бага байгаагаас үүдэж асуудлууд тулгарч байна" гэв.